Alumni Voice нь боловсролоороо тэргүүлэх улсын Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн Монгол залуусын суралцах арга барил, алдаа дутагдал, заль мэх, шаардлагатай зүйлс гээд холбогдох бусад мэдээллийг хүргэх зорилготой онцлох булан юм.
Түүний АНУ-д 100 хувийн тэтгэлэгтэй сурсан талаар илүү дэлгэрэнгүй энд дарж TomYo аппаас үзээрэй ?

Энэ удаагийн нийтлэлд Fulbright тэтгэлгээр АНУ-ын Tufts University-д суралцаад ирсэн Б.Хонгорзул оролцож, өөрийн туршлагаас хуваалцлаа. Тэрээр Олон улсын харилцааны мэргэжлээр тус хөтөлбөрт 2012 онд хамрагдсан бөгөөд одоогоор НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Төсөлд ажиллаж байгаа билээ. Уншигч та түүнийг 2009 онд хэвлүүлсэн “АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама түүний шилдэг илтгэлүүд” хэмээх номоор нь мэдэх бизээ.
Хэрэв та Fulbright тэтгэлгийн талаар төдийлөн сайн мэдэхгүй бол энэхүү нийтлэлийг уншина уу.
Ярилцлага хийсэн газар: “Явуу” coffee shop & minimarket
Хонгорзулын сошиал хаягууд: Facebook, Instagram, Blog

Бидний урилгыг хүлээн авч өөрийн үнэтэй туршлагаа хуваалцах гэж буй танд баярлалаа. Та Fulbright тэтгэлгийн талаар хэрхэн олж мэдсэн бэ?
Анх 15 настай ахлах сургуулийн сурагч байхдаа Fulbright тэтгэлгийн талаар мэдэж авч байлаа. Эцэг, эх маань багш мэргэжилтэй учраас хувийн зардлаар гадаадад сурах боломжгүйг мэддэг байсан. Тиймээс багаасаа л тэтгэлэг авна гэж боддог байлаа. Харин том болоод Японд сурч ирсний дараа зараас энэхүү тэтгэлгийг харан өргөдлөө явуулахаар шийдсэн.
Fulbright тэтгэлгийн таныг онцгойлон сонгосон шалтгааныг юу гэж боддог вэ?
Өргөдөл явуулж буй олон хүмүүсээс чамайг онцгой болгох цорын ганц зүйл нь эсээ. Тиймээс эсээндээ дараах зүйлсийг зайлшгүй оруулах хэрэгтэй. Үүнд таныг бусдаас онцгойруулж байгаа зүйл, яагаад явах хүсэлтэй байгаа, яагаад зөвхөн Америк улсад боловсрол эзэмших гэж буй талаараа өөрийн түүхийг өгүүлээрэй. Хамгийн чухал нь товч бөгөөд тодорхой байх хэрэгтэй. Эсээ бичихдээ цаг хугацаа их зарцуулж, чанартай материал явуулахыг хичээвэл зохино.

Тэгвэл тэтгэлгийн үйл явц ямар байдаг вэ? Мөн хэр их хүн хамрагддаг вэ?
Ойролцоогоор жилд 300 гаруй хүн өргөдөл явуулдгаас 30-40 хүн ярилцлагад дуудагддаг. Өргөдөл явуулснаас хоёр сар орчмын дараа тэнцсэн, тэнцээгүй эсэх талаар мэдэгдэл ирнэ. Үүнээс тухайн жилийнхээ санхүүжилтээс шалтгаалан дунджаар 15-16 хүн тэтгэлэгт хамрагддаг. Ярилцлагад тэнцсэний дараа шалгалт өгөх, сургуульдаа элсэх зэрэг дараагийн үе шатууд явагдана.
Эхний шат нилээн шүүлтүүртэй байдаг юм байна. Дараагийн шат болох ярилцлага явагддаг орчныг бидэнд дүрсэлж өгөөч?
Миний хувьд анх удаа Америкийн Элчин сайдын яамны хаалгаар орж байсан юм. Хамгаалалт маш өндөртэй. Ороод хүлээх хугацаанд бол нилээн сандарч байсан шүү. Гэхдээ тухайн үед азтай ч гэх юм уу байдлаар эхний хүн байж таарсан. Намайг ороход цаг эрт байсан тул шүүгчид ухаан санаа нь сэргэг, уйдаж залхаагүй учраас яриаг маань бүрэн сонсож байсан. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Элчин сайдын яамны төлөөлөл, ТББ-ын төлөөлөл, төгсөгчдийн төлөөллөөс бүрдсэн 6 хүн сууж байдаг. Түүний тал нь Америк, тал нь Монгол байна.
Ярилцлагад ороход юуг анхаарах хэрэгтэй вэ?
Ярилцлага 100 хувь англи хэл дээр явагдана. Нийт зургаан асуулт асууж, 15 минут болдог шиг санагдаж байна. Эхнийх нь өөрийгөө танилцуулаач гэсэн хамгийн амархан асуулт байна. Харин дийлэнх хүмүүсийн гаргадаг алдаа нь эхний асуулт дээр хэтэрхий их цаг үрдэг юм билээ. Үүнээс үүдэн дараа дараагийн асуултандаа бүрэн дүүрэн хариулж чаддаггүй. Тиймээс оновчтой, тодорхой хариулт өгөх нь чухал. Ярилцлагаас өмнө цэгцтэй бодох, ярих чадварт суралцах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Ярилцлагын дараагаас үйл явц хэрхэн өрнөдөг вэ?
Ярилцлагад тэнцсэний дараагаас сургуулиуддаа өргөдлөө явуулж эхэлнэ. 12-р сард ихэнх сургуулийн өргөдөл хүлээн авах хугацаа дуусаж, хариу нь хавраас ирж эхэлдэг. Хариугаа хүлээж байх хугацаандаа Fulbright болон Америкийн талаар хэсэгтээ мартчих хэрэгтэй. Харин 3-4 сараас аль сургуульд тэнцсэн, хаашаа явах талаар Засгийн газраас танд мэдэгдэнэ. Мэдээж хүн болгон сургуулийн шалгуур, төсөв зэргээс шалтгаалан хүссэн сургуульдаа тэнцэх баталгаа байхгүй.
Та өөрийн суралцах сургуулиа хэрхэн сонгосон бэ?
Нийт дөрвөөс таван сургуульд өргөдлөө явуулдаг. Сургуулийн тал дээр Америкийн Засгийн газартай зөвшилцөж, хэлэлцээр хийсний үндсэн дээр сонгодог юм. Учир нь Засгийн газрын тогтоосон төсөвтэй таны сонгосон сургуулийн төлбөр, амьдрах газрын өртөг зэрэг таарч байх нь чухал. Энгийнээр бодоход Засгийн газарт сагс дүүрэн мөнгө байгаа. Тэрийг хэрхэн тэнцвэртэй, зөв хуваарилах нь Fulbright-ын ажил гэж ойлгож болно.
Tufts University-гийн төлбөр Fulbright-ын төсвөөс хэтэрсэн тул намайг явуулах боломжгүй гэж байсан. Тиймээс Засгийн Газартай хэлэлцээр хийгээд зөвхөн энэ сургуульд суралцахын тулд нэмэлт тэтгэлэг цуглуулсан билээ. Tufts University-д тэнцсэн маань өөрөө их нэр төрийн хэрэг байснаас гадна Бостонд байрлалтай нь их таалагдсан. Ерөнхийдөө олон талын хүчин зүйл нөлөөлсөн дөө.

Харвард бол гоц, суут хүмүүсийн сургууль биш
Таны суралцсан Tufts University-гийн давуу тал?
Манай сургуулийн хувьд Харвардын охин сургууль гэж явдаг. Тиймээс хөтөлбөрийнхөө хүрээнд Харвардын хичээлээс дөрвийг сонгох боломжтой байдаг юм. Сонгосон хичээлүүдээ үзэхдээ Harvard дээр очиж судална. Дэлхийн шилдэг сургуулийн системээр, тэр хэмжээний боловсрол эзэмших боломжийг оюутнууддаа олгосон нь их үр өгөөжтэй санагдсан. Тэндээс ойлгож авсан зүйл нь Харвард бол гоц, суут хүмүүсийн сургууль биш. Харин хөдөлмөрч, дайчин, ажил хэрэгч хүмүүсийн өлгий юм байна гэдгийг ойлгосон явдал байв.

Энэхүү тэтгэлгийн хамгийн том давуу тал нь сургалтын төлбөрийг 100 хувь даадаг. Тэгвэл үүнээс гадна тэтгэлэгт хамрагдсан оюутныг юугаар хангадаг вэ?
Юун түрүүнд очоод байр хайна. Тэр тал дээр ямар нэгэн тусламж байхгүй өөрсдөө олох хэрэгтэй. Харин Fulbright-аас тавилга авах мөнгө, түрээсийн төлбөр эхний ээлжид өгнө. Мөн компьютер авах 500 ам.доллар, ном авах зардал, ирж очих нэг удаагийн зардал, эрүүл мэндийн даатгал зэргийг даадаг. Үүний хариуд оюутан хичээж, нийгэмдээ идэвхтэй байж онц сайн дүн авах ёстой.
Монголд буцаж ирсний дараах өөрийнхөө тухай хуваалцвал?
Америкт байх хугацаандаа төрөл бүрийн хүмүүстэй харилцаа холбоо тогтоож чадсан шүү. Миний хувьд Монголд ирснээс хойш зургаа дахь ажлаа хийж байна. Тэр дундаас магадгүй нэг л удаа анкет бөглөж ажилд орсон байх. Бусад тохиолдолд танилууд маань надад ажил санал болгосон. Ихэвчлэн төсөл хөтөлбөрүүдэд ажилладаг учраас хугацаатай, зарим тохиолдолд байгууллагын соёл нь таалагдаагүй учраас гарчихдаг.
Анзаараад байхад хувь хүний зан маань уйдамтгай учраас төрөл бүрийн салбарыг сонирхдог юм шиг байгаа юм. Үүний давуу тал нь аалзны тор шиг харилцаа холбоог үүсгэдэг. Бусадтай харьцуулахад миний ажиллах арга барил арай өөр санагдаж магадгүй.

Энэхүү тэтгэлэгт хамрагдахыг зорьж байгаа залууст өгөх зөвлөгөө?
Явахаас өмнөх үе шатанд мэдээлэлтэй аль болох ойр байгаарай. Тэтгэлгүүдийн шалгуур зэргийг эртнээс мэдэж байвал ирээдүйгээ төлөвлөхөд илүү амар байх болно. Харин магистрт сурах тухайд хамгийн чухал нь цагийн менежмент юм. Гадаадад сурахаар төлөвлөж байгаа бол одооноос эхлэн цаг төлөвлөлтөө зохицуулж сурах хэрэгтэй. Чадахгүй байвал ном уншиж мэдлэгтэй болоод дараа нь үүнийгээ хэрэгжүүлээрэй.
Та тус хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан бүтэн ярилцлагыг видео хэлбэрээр TomYo аппаас үзэх боломжтой.
