Өнөөдөр:2022-07-03

АНУ-д Bar exam буюу хуульчийн шалгалт өгөх боломжтой юу?

Монголдоо төдийгүй гадаадад хуульчийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хуульч болох боломж бид бүгдэд бий. Энэ нь тухайн орны хуулиар хууль зүйн зөвлөгөө өгөх эрхтэй хуульч болно гэсэн үг юм.

Би Индианагийн их сургуулийн LL.M буюу хуулийн магистрын хөтөлбөрт элсэн ороод гадаад оюутнууд ч гэсэн АНУ-д бүртгэлтэй хуульч болох боломж байдаг талаар мэдээд судалж эхэлсэн юм. Тэр үед эхний бүртгэл нь бараг хаагдах дөхчихсөн, шахуу хугацаанд хамаг бичиг баримтуудаа бүрдүүлж өгч байсан. Тиймээс хэрэв та АНУ-д хуулийн чиглэлээр сурахаар явах гэж байгаа эсхүл төлөвлөж байгаа бол эртнээс юмаа төлөвлөж, над шиг сандрахгүй байх хэрэгтэй шүү. Ингээд би АНУ-ын Нью Йорк мужид бүртгэлтэй хуульч, өмгөөлөгч болсон өөрийн багахан туршлагаасаа хуваалцъя.

1. Bar exam-ыг хаанаас зохион байгуулдаг талаар

АНУ-ын мужууд нь бүгд өөрийн гэсэн хуультай, бие даасан засаг захиргаатай учир нэг мужид хуульч болсон ч өөр мужийн хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй, хуульчаар ажиллаж болдоггүй (гэхдээ холбооны хуулиар зөвлөгөө өгдөг эсхүл тодорхой цөөн тохиолдолд л боломжтой). Тэгэхээр ажиллах муж бүрдээ хуульчийн шалгалт өгч, хуульчийн гэрчилгээ авдаг гэсэн үг.

Харин National Conference of Bar Examiners (NCBE) гэх байгууллагын санаачлан хэрэгжүүлж буй Uniform Bar Exam (UBE) буюу нэгдсэн хуульчийн шалгалтын систем нь тухайн UBE системд нэгдэн орсон гишүүн мужууд дунд хуульчийн шалгалтын оноогоо хөрвүүлэн шилжүүлж, хэд хэдэн мужид нэг шалгалтын оноогоор хуульчийн гэрчилгээ авах боломжийг нээсэн. Гэхдээ муж болгон UBE-с авах босго оноо болон бусад нэмэлт шаардлагуудыг өөрсдөө тогтоодог. Одоогийн байдлаар UBE системд АНУ-ын 50 муж, 1 хотын ихэнх нь нэгдэн орсон байдаг бөгөөд үүнд Вашингтон Дистрикт оф Колумбиа, Нью Йорк, Калифорни гэх томоохон мужууд нэгдэн орсон байна.

Тиймээс LL.M. зэрэг хамгаалж буй гадаад оюунуудын хувьд UBE системд нэгдсэн эсэхээс үл хамааран тухайн мужид LL.M. зэрэгтэй гадаад хуульч хуульчийн шалгалт өгөх боломжтой эсэхийг эхлээд мэдэхийн тулд тухайн мужийн зохицуулалтыг судлах хэрэгтэй. Дараа нь тухайн муж UBE системд нэгдсэн эсэхийг судлах нь зүйтэй.

UBE систем нь нэгдсэн хуульчийн шалгалтыг зөвхөн common law буюу АНУ-н нийтлэг эрх зүйн хүрээнд зохион байгуулж авдаг учир тухайн шалгалтыг өгөхөд тухайлсан мужийн хуулийг энд мэдэх шаардлагагүй. Тийм учраас л UBE буюу нэгдсэн хуульчийн шалгалт гэж нэрлэж буй хэрэг юм. Энд би маш товч магадгүй 0,1%-г нь л сийрүүлсэн учир UBE системийг ойлгоход бэрх байж магадгүй учир доорх линкээр ороод дэлгэрүүлээд судлаад үзээрэй.

https://www.ncbex.org/exams/ube/

2. АНУ-д LL.M. эсхүл J.D. хөтөлбөрт суралцах

Манай Монгол Улс нь эх газрын буюу civil law эрх зүйн системтэй учир АНУ-д хуульч больё гэвэл заавал нийтлэг эрх зүйн буюу common law системтэй улсад (жишээ нь АНУ-с гадна Англи) хууль зүйн боловсрол эзэмшсэн байх шаардлагатай. Магадлан итгэмжлэгдсэн АНУ-ын хууль зүйн сургуульд бидний хамгийн их горилдог эрдмийн зэрэг болох LL.M (master of laws) буюу хууль зүйн магистрын зэрэг эзэмших нь хамгийн эхний алхам юм. Гэхдээ J.D. (juris doctor) ч байж болно. Гэхдээ J.D. зэрэг бол илүү олон жил үргэлжилдэг бөгөөд эрх зүйн суурь салбаруудыг эхнээс нь үзэж судалдаг учир мэргэших гэж байгаа хуульчдад тохиромжгүй болов уу. Харин LL.M нь аль хэдийн өөрийн эх орондоо эрх зүйн бакалаврын зэрэг эзэмшсэн хүнд илүү мэргэших боломжийг олгосон хөтөлбөр гэж би боддог.

Сонирхуулахад АНУ-ын хууль зүйн боловсролын систем нь дэлхийн ихэнх орноос өөр. “Law school”-д нь J.D., LL.M., S.J.D., M.J. гэх мэт эрдмийн зэрэг олгодог ба “law school”-д орох эхний шалгуур нь аливаа мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх юм. Учир нь АНУ-д эрх зүйн бакалаврын зэрэг гэж байхгүй бөгөөд ахлах сургуулиа төгсөөд шууд “law school”-д шалгалт өгөөд ордоггүй гэсэн үг. “Law school”-д ороод 2.5-аас 4 жил суралцаж төгсөөд J.D. (juris doctor) зэрэг эзэмшдэг ба ингэснээр сургуулиа төгсөөд шууд хуульчийн шалгалт өгөх эрх нь нээгддэг. J.D. нь манайхаар бол эрх зүйн бакалаврын зэрэг бөгөөд J.D. зэрэг эзэмшсэний дараа LL.M. буюу хууль зүйн магистр болон S.J.D. буюу хууль зүйн ухааны доктор гэх эрдмийн зэрэг эзэмшиж болдог.

J.D. зэрэг эзэмшсэн бол бараг бүх л мужид хуульчийн шалгалт өгөх эрхтэй байдгаараа давуу талтай бол LL.M. зэрэгтэй бол тодорхой хэдэн зөвшөөрөгдсөн мужид л хуульчийн шалгалт өгч болдог. Жишээ нь, Вашингтон Дистрикт оф Колумбиа, Нью Йорк, Калифорни мужуудад зөвшөөрөгддөг.

3. АНУ-н аль мужид хуульчийн шалгалт өгөх вэ

Түрүүн хэлсэнчлэн LL.M. зэрэгтэй бол тодорхой хэдэн зөвшөөрөгдсөн мужид л хуульчийн шалгалт өгч болдог. Гадаад хуульчдын хувьд хамгийн их хуульчийн шалгалт өгдөг муж бол Нью Йорк бөгөөд түүний дараа магадгүй Калифорни муж болон Вашингтон Дистрикт оф Колумбиа орох байх.

Нью Йорк мужийг сонгодог нэг шалтгаан нь энэ нь Лондон, Сингапуртай адил дэлхийн худалдаа, бизнесийн төв бөгөөд “hot jurisdiction” гэж хэлж болно. Гэхдээ нэг муу мэдээ нь гэвэл шалгалтад тэнцэх хувь маш бага. Энэ нь гэхдээ бүтэхгүй, цаг үрсэн зүйл гэсэн үг биш, харин ч тэр их өрсөлдөөн дундаас цойлж гарч ирэх боломж гэж хараарай.

Энд дарж бүтэн жилийн турш IELTS-даа бэлдээрэй.

4. Хичээл сонголт

Хэчнээн UBE буюу нэгдсэн хуульчийн шалгалт гэх боловч дээр хэлсэнчлэн мужууд өөрийн гэсэн нэмэлт шаардлага тавьж болно. Жишээ нь, Нью Йорк мужид хуульчийн шалгалт өгөх бол заавал үзсэн байх ёстой хичээлүүд, тэдгээрийн кредитийн тоог хуульчилсан байдаг. Тиймээс хичээл сонголт хийхээсээ өмнө аль мужид хуульчийн шалгалт өгөхөө шийдэн, тухайн мужийнхаа зохицуулалт, шаардлагуудыг судлан, үүндээ тохируулан хичээл сонголтоо хийсэн байх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй бол хуульчийн шалгалтад орох боломжгүй болно гэсэн үг.

5. Гадаад хуульчдын хувьд хуульчийн шалгалт өгөх эрхтэй эсэхийг тодорхойлох үнэлгээ

АНУ-д LL.M. зэрэг (J.D.-д энэ шаардлага хамаарахгүй) хамгаалсныхаа дараа хуульчийн шалгалт өгөх гэж байгаа бол хуульчийн шалгалт өгөхөөс бараг л жилийн өмнө “eligibility for the bar examination” буюу АНУ-д хуульчийн шалгалт өгөх эрхтэй эсэхээ тодорхойлуулах өргөдөл явуулдаг. Үүний тулд хэрэв та дараа жилийн 7 дугаар сард шалгалт өгөхөөр төлөвлөж байгаа бол энэ жилийнхээ 10 дугаар сарын 1-ээс өмнө эсхүл ирэх жилийн 2 дугаар сард шалгалт өгөх бол энэ жилийнхээ 5 дугаар сарын 1-ээс өмнө шалгалт өгөх эрхтэй эсэхээ тодорхойлуулах өргөдлөө явуулах ёстой. Ингэхийн тулд шаардлагатай материалуудыг эх хувиар нь шуудангаар Нью Йорк мужийн хуульчийн шалгалт авах хороо (New York State Board of Law Examiners)-руу авуулна. Үүнд, гадаад улсад төгссөн хуулийн сургууль нь магадлан итгэмжлэгдсэн гэсэн нотолгоо, тухайн улсдаа хуульчийн шалгалт өгөх эрхтэй гэсэн хуульчдын холбооноос авсан албан бичиг , эрх зүйн бакалаврын дипломын баталгаат хуулбар гэх зэрэг багтана.

Энэ бүгдийг явуулсны дараа ойролцоогоор 6 сарын дараа өөрт тань “та шалгалтад орох эрхтэй байна” эсхүл “та шалгалтад орох эрхгүй байна” гэсэн хариу и-мэйлээр ирэх болно. Тэр хүртэл юу ч хийлгүй хүлээхээс өөр аргагүй.

6. Хуульчийн шалгалтдаа бүртгүүлнэ

Хуульчийн шалгалтад орох эрхтэй гэдгээ мэдсэнийхээ дараа шалгалтдаа онлайнаар бүртгүүлнэ. Ихэвчлэн 7 дугаар сард шалгалт өгөх бол өргөдөл авах хугацаа нь тухайн жилийн 4 дүгээр сарын 1–30-ний хооронд эсхүл 2 сард өгөх бол өмнөх жилийнх нь 11 дүгээр сарын 1–30-ний хооронд байдаг.

7. Хуульчийн шалгалтын бүрдэл хэсэг

New York State Board of Law Examiners нь Нью Йорк мужид авах хуульчийн шалгалтыг зохион байгуулдаг. Дахин хэлэхэд UBE системд Нью Йорк муж нэгдэн орсон учир хэчнээн Нью Йорк мужид шалгалт өгч байгаа ч энэ оноогоо өөр мужруу шилжүүлэн өөр мужид хуульчийн гэрчилгээ авах бүрэн боломжтой. Нью Йорк мужийн хуульчийн шалгалт нь 2 өдөр өглөө 9 цагаас орой 5 цаг хүртэл үргэлжилдэг ба дундаа үдийн цайны завсарлагатай, 3 хэсгээс бүрдсэн нүсэр том шалгалт юм. Эхний өдөр нь MEE болон MPT хэсэг, дараах өдөр нь MBE хэсгийг авдаг ба эдгээрийн нийлбэр дүнгээр шалгалтын оноог нэгтгэн гаргадаг.

  • MEE (Multistate Essay Exam) нь 3 цагийн дотор өгөгдсөн 6 төрлийн хууль зүйн асуултад эссе маягаар хариулдаг шалгалт юм. Энэ даалгаврыг амжилттай гүйцэтгэхийн тулд IRAC аргыг ашиглан мөн өөрийн цээжилсэн хууль, дүрэм журмыг иш татан хариулах ёстой ба хэрэв шаардлагатай үндэслэлээ цээжээр санахгүй байвал хуулийн ерөнхий концепц, онол зэргийг ашиглан хариулах боломжтой. Хариулт заавал зөв байх албагүй ч маш сайн үндэслэлтэй байх ёстой.
  • MPT (Multistate Performance Test) нь 3 цагийн дотор өгөгдсөн 2 багц хууль зүйн цогц асуудалд тус тусад нь хууль зүйн дүгнэлт бичих даалгавар бөгөөд хамгийн их ур чадвар шаардсан хэсэг юм. Энд хууль, шүүхийн шийдвэр, холбогдох гэрээ хэлцэл, захидал харилцаа гээд тухайн кэйст хамааралтай бөгөөд хамааралгүй 30 гаруй хуудас материал ирдэг. Энэ даалгавар нь таны хуульчийн ур чадвар, хэрэгцээт факт баримтыг ялгаж салгах, богино хугацаанд уншиж, бичих чадварыг шалгадаг.
  • MBE (Multistate Bar Examination) нь 200 асуултаас бүрдсэн 4 хариултаас нэгийг сонгох тест юм. Эхний 2 даалгавар хамгийн хэцүү бөгөөд оноо алдах магадлал өндөр учир эндээс хамаг оноогоо авах нь зүйтэй.

Энэхүү шалгалтын хариу бараг 2–3 сарын дараа гардаг ба и-мэйлээр хариу нь ирдэг. Тэр и-мэйлийг нээх мөч хамгийн аймар боловч тэнцсэнээ харах нь хамгийн догдлуулам мөчүүдийг нэг байдаг.

Энд дарж шинэчлэгдсэн TomYo аппаа татаарай.

8. MPRE буюу хуульчийн ёс зүйн шалгалт

Монголд хуульчийн шалгалтын асуулт дунд хуульчийн ёс зүйн асуултуудыг оруулсан байдаг болохоор тусад нь шалгалт болгож авдаггүй. Харин АНУ-д дээр дурдсан NCBE байгууллага Хуульчийн ёс зүйн шалгалтыг хуульчийн шалгалтаас тусад нь зохион байгуулж авдаг. Энэ шалгалт нь 2 цаг үргэлжилдэг 60 асуултаас бүрдсэн 4 сонголтоос нэг зөв хариултыг сонгох тест юм.

9. New York Law Course болон New York Law Exam

Дээр цухас дурдсанчлан UBE систем нь нэгдсэн хуульчийн шалгалтыг common law буюу нийтлэг эрх зүйн хүрээнд зохион байгуулж авдаг. Гэхдээ муж болгоны хууль нь уг нийтлэг эрх зүйгээс иш үндэс аван салаалсан ч өөрийн мужийн онцлог, үзэл баримтлалыг шингээснээрээ хоорондоо өөр өөр байдаг. Тиймээс UBE нэгдсэн хуульчийн шалгалтыг өгч тэнцсэн бол өөрийн зорьж буй мужийн хуулийг товчхон судлан, шалгалт өгөх ёстой байдаг. Нью Йоркт бол the New York State Board of Law Examiners нь New York Law Course буюу Нью Йорк мужийн хуулийн талаар хэдэн өдрийн онлайн сургалт зохион байгуулдаг ба энэ сургалтыг дуусгасны дараа New York Law Exam буюу Нью Йорк мужийн хуулийн шалгалт гэх 2 цаг үргэлжилдэг шалгалтыг онлайнаар өгдөг. Энэ нь маш энгийн шалгалт бөгөөд үүнийг өгөхдөө ном дэвтэр чөлөөтэй ашиглаж болдог.

10. Хуульчийн гэрчилгээ авах процесс

Дээрх 3 шалгалтуудыг өгч тэнцсэн бол Нью Йорк мужид хуульчийн гэрчилгээ авахад тун ойртож байна гэсэн үг. Гэхдээ шалгалтууд өгөхөөс гадна өөр хэд хэдэн шаардлагуудыг хангасан байх ёстой байдаг. Үүнд: 50 цагийн про боно буюу үнэгүй хууль зүйн зөвлөгөө өгсөн байх, АНУ-д бүртгэлтэй 2 хуульчаас тодорхойлолт авсан байх, ял шийтгэл, зөрчилд холбогдож байсан эсэх талаар зэрэг маш олон хуудас баримт бичгүүдийг бүрдүүлэн АНУ-ын Нью Йорк мужийн дээд шүүхрүү илгээдэг ба таны материалыг хянаж үзээд ярилцлагад дуудна. Ярилцлагаа амжилттай давбал танд хуульчийн гэрчилгээ Нью Йорк мужийн дээд шүүхээс гардан авах эрхийн бичгийг өгөх болно. Ингээд та Нью Йорк мужийн дээд шүүх дээр хуульчийн тангараг өргөн хуульчийн гэрчилгээгээ нэр төртэйгөөр гардан авах болно.

Дээр бичсэн зүйлсийг уншихад амархан мэт харагдавч, миний хувьд даваа нухчаа ихтэй, шартарч, бууж өгөх мөч зөндөө байсан урт аялал байсан. Тиймээс аливаа амжилтад хүрэх зам бартаатай ч зорилго тан тодорхой байвал юу ч таныг зогсоож дийлэхгүй бөгөөд бүх зүйл боломжтой гэдгийг үргэлж санаж яваарай. Ингээд таны ирээдүйн карьерт өндөр амжилт хүсье.

https://www.nybarexam.org/Default.html

https://www.ncbex.org/about/

Share

Attorney at Law, LL.M from Indiana University

error: Энэхүү контент хамгаалагдсан!