Өнөөдөр:2022-07-03

АНУ-ын оюутны виз авах шат дараалал болон анхаарах зүйлс

Одоо бол ихэнх оюутан сурагчид хаашаа, ямар сургуульд сурахаа шийдчихсэн, дараагийн үе шат болох визний асуудал яригддаг цаг. Та АНУ-ын оюутны виз буюу F-1 виз (J-1 гэх оюутны визний төрөл бас байдаг гэхдээ энд зөвхөн хамгийн түгээмэл авдаг F-1 оюутны визний тухай л дурдах болно)-ээ авахаар хөөцөлдөх гээд хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол дараах товч мэдээлэл хэрэг болж магадгүй юм.

1. Сургуулиасаа I-20 авах

Сургуулиуд тэнцсэн оюутнууддаа урилга илгээдэг ба урилга авсан л бол бүх юм болчихлоо, би юу ч хийх шаардлагагүй гэж бодож болохгүй. Тухайн урилга дээр бичигдсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа бол та тухайн урилга дээрх зааврын дагуу хариугаа баталгаажуулах ёстой. Ингэж сургуулиас ирсэн урилгыг баталгаажуулсан тохиолдолд таны сургууль I-20 гэх баримт бичгийг танд олгоно. I-20 нь таны АНУ-д ямар сургуульд, ямар визээр, ямар хугацаанд, ямар хэмжээний санхүүгийн эх үүсвэртэйгээр сурах тухай нарийн тодорхой заасан байдаг. Уг I-20 нь виз авах, АНУ-ын хилээр нэвтрэх, очоод амьдрах бүхий л хугацаанд танд эх хувиараа, байнга байх ёстой хамгийн чухал баримт бичиг.

Яг одоо энд дарж TomYo аппаа татаарай.

Танд I-20 эхэндээ имэйлээр урьдчилсан байдлаар ирэх бөгөөд АНУ-ын элчингийн ярилцлагад ороход I-20 заавал эх хувиараа шаардлагатай байдаг тул эх хувиар нь явуулахыг сургуульдаа сануулах хэрэгтэй. I-20 -гээ хүлээж аваад сайн шалгах хэрэгтэй ба өөрийн нэр, паспортын дугаар, хаяг гээд түүн дээр бичигдсэн байгаа тантай холбоотой бүхий л мэдээлэл бүрэн ба үнэн зөв байгааг нягтлан, эх хувиар нь хүлээж авмагцаа түүн дээр гарын үсэг зурж, огноолох ёстой. Хэрэв та 18 нас хүрээгүй бол таны хууль ёсны асран хамгаалагч таны өмнөөс гарын үсэг зурна.

2. SEVIS FEE

I-20 -гээ имэйлээр эсхүл эх хувиар нь аль ч хэлбэрээр бай хүлээн аваад, доторх мэдээллийг нь шалгамагцаа SEVIS FEE төлөх ёстой. SEVIS FEE нь одоогоор $350 байгаа (өөрчлөгдөх магадлалтай).

Таны I-20 дээр SEVIS ID гэх дугаар байх ёстой ба уг дугаар нь таны таних тэмдэг бөгөөд уг дугаараар АНУ-ын цагаачлалын асуудал эрхэлсэн алба танд хяналт тавина гэсэн үг. Гэхдээ SEVIS FEE төлөх хүртэл таны уг дугаар идэвхжихгүй ба та тухайн I-20 олгосон сургуульдаа сурахаар шийдсэн л бол заавал SEVIS FEE төлөх ёстой.

Гэхдээ жишээлбэл, А гэх сургуулиас олгосон I-20 дээрх SEVIS ID-г ашиглан SEVIS FEE төлсний дараа өөр Б гэх сургуулиас танд урилга ирсэн бөгөөд та А биш Б сургуульруу явахаар шийдсэн бол Б сургуулиас шинэ I-20 авах ёстой ба Б сургуулийн олгосон I-20 дээрх SEVIS ID өөр байх учир та шинээр SEVIS FEE төлнө гэснэ үг юм.

SEVIS FEE амжилттай төлөгдөхөөр payment confirmation буюу төлөлт баталгаажсан хуудас гарч ирэх ба тухайн хуудсыг заавал хэвлэж мөн имэйлээр аваарай. Учир нь та уг хуудсыг АНУ-ын элчингийн ярилцлага дээр авчрах ёстой байдаг.

Та доорх линкээр орон SEVIS FEE-гээ төлөх боломжтой.

https://www.fmjfee.com/i901fee/index.html

3. DS-160 онлайн визний өргөдөл

DS-160 буюу онлайн визний өргөдлийг явуулах замаар F-1 виз авах хүсэлтээ явуулна. DS-160 -г интернэт байвал хаанаас ч бөглөх боломжтой бөгөөд DS-160 онлайн өргөдлийг эхлүүлэхэд танд бүртгэлийн дугаар өгөх ба та уг дугаараа зөв тэмдэглэж авсан бол онлайн өргөдлөө дунд нь зогсоож, хадгалаад гарах, дараа нь буцаж ороод үргэлжлүүлэн бөглөх эсхүл илгээгээгүй бол устгах боломжтой байдаг.

DS-160 онлайн өргөдлийг эхлүүлэхээс өмнө та өөрийн болон аав, ээжийнхээ гадаад паспорт, I-20, SEVIS FEE төлсөн payment confirmation буюу төлөлт баталгаажсан хуудас, цээж зураг файлаар бэлдсэн байвал зохино. Ингээд DS-160 -г үнэн зөвөөр бөглөх ёстой бөгөөд худал мэдээлэл оруулах нь маш их хортой үр дагаварт хүргэж мэднэ.

DS-160 онлайн өргөдлийг бүрэн бөглөж дуусаад, илгээх товчийг дарснаар confirmation page буюу баталгаажсан хуудас гарч ирэх ба үүнийг заавал хэвлэж авах ёстой. Мөн таны бөглөсөн DS-160 онлайн өргөдлийг бүхэлд нь буюу бүх асуулт, хариултын хамт татаж аваад хэвлэх сонголт гарч ирэх ба түүнийг бас заавал хэвлэж аваарай. Ингээд нэгэнт илгээсэн бол та түүнд өөр засвар хийх эсхүл бүртгэлээ устгах боломжгүй болно.

Та доорх линкээр орон DS-160 -гээ бөглөх боломжтой.

https://ceac.state.gov/GenNIV/Default.aspx

4. АНУ-ын элчингийн ярилцлага

DS-160 онлайн өргөдлийг бүрэн бөглөж дууссаны дараа доорх линкээр орон бүртгэл үүсгэж, АНУ-ын элчингийн ярилцлагын төлбөр төлөх маягтыг бөглөн, түүнийгээ Голомт (өмнө нь Хаан банк байсан) банкин дээр аваачиж төлбөрөө төлнө.

АНУ-ын элчингийн ярилцлагын төлбөр банкин дээр төлснөөр танд код олгогдох ба мөн таны бүртгэлд автоматаар төлбөр төлсөн гэсэн тэмдэглэл гарна. Ингээд та элчингийн ярилцлагын цагаа доорх линкээр үүсгэсэн бүртгэлээр орон, харагдаж буй боломжтой цагаас сонгоно. Гэхдээ боломжтой цаг нь таны хичээл эхлэхээс өмнө байхгүй, та яасан ч сургуульдаа цагтаа очиж амжихгүй нь гэж үзвэл “emergency interview” хүсэлт өөрийн бүртгэлээрээ орон явуулах боломжтой бөгөөд гэхдээ уг хүсэлтийг зөвхөн ганцхан удаа л явуулах боломжтой байдаг учир болгоомжтой ашиглах хэрэгтэй.

TomYo аппаа ашиглан IELTS Mock test өгөх боломжтой боллоо. Мөн IETLS-ийн хичээлүүд үзэж болно. Энд дарж Аппаа татаарай.

Ингээд таны ярилцлагын өдөр болоход та шаардлагатай бүх баримт бичгүүдээ эх хувиар нь авч очих ёстой бөгөөд элчингийн ярилцлага авч буй хүний асуултуудад сандралгүй, гол нь үнэн зөв хариулах ёстой. Ярилцлагаас өмнө DS-160 онлайн өргөдлийн бүх асуулт, хариултуудаа нэг гүйлгээд харчих хэрэгтэй ба таны хариултууд зөрж болохгүй.

Та доорх линкээр орон бүртгэл үүсгэж, АНУ-ын элчингийн ярилцлагаа товлох боломжтой.

https://cgifederal.secure.force.com/?language=English&country=Mongolia

АНУ-н Элчингийн ярилцлагад ороход түгээмэл асуудаг жишээ асуултууд

http://edufund.mn/post/9285

5. Билет захиалга

АНУ-ын элчингийн ярилцлагаас өмнө билет захиалсан байх шаардлага байхгүй.

6. Очоод амьдрах газраа баталгаажуулах

Та очоод амьдрах газраа сургуулиас урилга ирэн, түүнийг баталгаажуулсан даруйдаа л сонгоод, шийдвэр гаргах хэрэгтэй (гэхдээ боломжтой бол шүү дээ). Учир нь дотуур байранд байхаар төлөвлөж байгаа бол дотуур байрны хүрэлцээ хязгаартай тул эрт дүүрэх магадлалтай эсхүл сургуультай ойр боломжийн үнэтэй байрнууд хурдан дуусах гээд өрсөлдөөн ихтэйг бодолцоорой.

Дээр дурдсан зүйлс бол танд АНУ-ын оюутны виз авах талаар анхан шатны мэдлэг, төсөөлөлтэй болгох үүднээс маш товч бичсэн болно. Иймээс та АНУ-ын визтэй холбоотой нарийвчилсан мэдээллийг өөрөө судлах эсхүл энэ талаар зөвлөгөө өгдөг хүнээс асууна уу. Доорх линкнээс та АНУ-ын визтэй холбоотой хэрэгтэй мэдээллээ олох бас боломжтой. Ингээд танд амжилт хүсье.

https://www.ustraveldocs.com/mn/index.html

Share

Attorney at Law, LL.M from Indiana University

error: Энэхүү контент хамгаалагдсан!