Хэрхэн 100 хувийн тэтгэлэгтэй солилцооны оюутан болох вэ?

Alumni Voice нь боловсролоороо тэргүүлэх улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн Монгол залуусын суралцах арга барил, алдаа дутагдал, заль мэх, шаардлагатай зүйлс гээд холбогдох бусад мэдээллийг хүргэх зорилготой онцлох булан юм. 

Түүний АНУ-д 100 хувийн тэтгэлэгтэй сурсан талаар илүү дэлгэрэнгүй энд дарж TomYo аппаас үзээрэй ?

Alumni Voice булангийн энэ удаагийн дугаарт АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг SUSI for Women’s Leadership хөтөлбөрт амжилттай хамрагдаж байсан Д.Золбоогийн туршлагаас хуваалцсан ярилцлагыг хүргэж байна. АНУ-д эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх зуны хөтөлбөрт бакалаврын түвшний эмэгтэй оюутнууд хамрагдах боломжтой юм. Д.Золбоо нь тус хөтөлбөрт 2014 онд хамрагдсан бөгөөд одоогоор What3Words компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байна. 

Ярилцлага явагдсан байршил: Coffee Fellows Mongolia

Сошиал хаягууд: Facebook, Instagram 

Эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх SUSI хөтөлбөрийн тухай сайн мэдэхгүй залуустаа хандан хөтөлбөрийн гол онцлогийг хэлж өгөөч?

Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг олон орны эмэгтэйчүүдийг нэг дор цуглуулан манлайллын талаар суралцах боломжийг олгодог зуны, солилцооны тэтгэлэгт хөтөлбөр юм. Гэвч энгийн нэг илтгэл сонсож, хэлэлцээд өнгөрөхөөс илүүтэйгээр практик дээр суурилсан үйл ажиллагаа явуулж, эмэгтэйчүүдийг бие биенээсээ суралцах боломжийг олгодог нь хамгийн гол онцлог юм. Түүнчлэн зөвхөн Америк руу очсон боловч нэг дор олон улсын эмэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн суралцдаг нь олон орны соёлыг ойлгох, хүлээн зөвшөөрөх боломжийг олгодог нь гайхалтай байсан билээ. 

Яагаад SUSI for Women’s Leadership хөтөлбөрт өргөдлөө илгээхээр шийдсэн бэ?

Миний хувьд анх оюутан болчхоод Volunteer Learning хэмээх хичээл сонгон судалсан юм. Тэр үеэс эхлэн сайн дурын ажил гэдэг зүйлтэй танилцаж, идэвхтэй хийж эхэлсэн байдаг. Тухайн үед сайн дурын ажил хийх нь надад чухал, үнэ цэнтэй зүйл юм байна гэдгийг ойлгосон юм. Тэр нь SUSI хөтөлбөрт өргөдлөө явуулах нэгэн том шалтгаан байсан билээ. 

Тэтгэлэгт өргөдлөө илгээхдээ хэр хугацааг зарцуулан бэлдсэн бэ?

Анх удаагаа аливаа зүйлд зүрх сэтгэлээ зориулж, цаг гаргаж бэлдсэн учраас тухайн үед их урт хугацаа мэт санагдаж байсан юм. Одоо бодоход сарын хугацаанд л бэлдсэн юм билээ. Удаан санагдсан шалтгаан нь эсээгээ бичихдээ өөртэйгөө их ярилцана, хүнээр уншуулна мөн тодорхойлох захидлаа авна гэх мэтчилэн хийх зүйлс их байсантай холбоотой байх. 

Бэлдэх явцад хамгийн догдолмоор санагдсан зүйл нь эсээгээ бичихдээ өөрийгөө судлах боломж олдсон нь байлаа. Тэгэхдээ би нийгэмдээ ямар хөрөнгө оруулалт оруулж чадах вэ? бусдаас юугаараа ялгарах вэ? Гэдгээ их ухаж, хайсан юм. 

Тэтгэлэг авахад хамгийн чухал шалгуур бол эсээ байдаг шүү дээ. Тэгвэл эсээнийхээ агуулгыг хэрхэн тодорхойлсон бэ?

Хамгийн чухал нь өөртэйгөө тулж ажиллах. Миний хувьд англи хэлийг удаан хугацаанд, мэрийж сурсан шалтгаан юу вэ? Түүнийгээ хэрхэн ашиглах вэ? Гэх асуултуудад хариулах шаардлагатай болсон юм. Ахлах ангид байхад ширээний маань урд дэлхийн газрын зураг өлгөөтэй байдаг байсан. Түүнийгээ эсээндээ тусгахдаа өдөр болгон тэр зураг руу хараад Ази тивээс гарч Америк гэх том гүрэн рүү явахыг мөрөөддөг байсан талаараа дурдсан. Ерөнхийдөө Монгол эмэгтэй хүний тэр жижигхэн зүрхэнд ямар том мөрөөдөл байгаа вэ гэдгийг харуулахыг зорьсон гэх юм уу даа. 

Мэдээж бүх үйл явцыг ногоон гэрлээр гарч байгаа мэт амархан давчхаагүй нь тодорхой. Та тулгарсан бэрхшээлүүдээ хэрхэн даван туулсан бэ?

Бидний хувьд хэдий англи хэлийг удаан сурдаг боловч хэтэрхий их дүрэм сураад хэрэглээ болгож чадахгүй байгаа санагддаг юм. Тухайн үед тулгарсан бэрхшээл нь story telling чадвар дутагдаж байсан. Өөрөөр хэлбэл эсээндээ өөрийнхөө түүхийг уншиж буй хүнийг автуулж чадахгүй байсан юм л даа. Энэхүү асуудлыг шийдэхэд тусалсан хамгийн том хүчин зүйл нь хүнээр хянуулах байсан шүү. Энэхүү чадвараа хөгжүүлэхийн тулд одоог хүртэл суралцсаар явна даа.

Хөтөлбөрт тэнцэхэд тодорхойлох захидал чухал үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Та тодорхойлох захидлаа хэрхэн авч байв?

Би өргөдлөө бэлдэж байх хугацаандаа Солонгос улсад солилцооны хөтөлбөрөөр суралцаж байсан юм. Тиймээс сургуулийнхаа Солонгос багшаас тодорхойлох захидлаа бичүүлж авсан. Тухайн үед юм энгийн байх тусмаа үнэ цэнтэй байдаг гэдгийг ойлгож байсан юм. Учир нь багш маань тодорхойлох захидалдаа “Золбоо бол зам гарахдаа гарцаар, гэрлэн дохио хүлээгээд гардаг миний мэдэх ганц Монгол оюутан” гэж дүгнэсэн байсан. Түүнээс нь гадаад хүний харах өнцөг ямар өөр байдаг вэ? Гэдгийг ухаарч билээ.

Тодорхойлох захидлын агуулга чухал нөлөөтэй тул чамайг тэс өөр өнцгөөс, бүрэн илэрхийлж чадах хүнийг сонгоорой гэж зөвлөх байна. 

Хамгийн сүүлийн шат болох ярилцлагадаа тэнцсэн хариугаа хэрхэн хүлээж авсан бэ?

Миний хувьд багаасаа эмээтэйгээ өссөн учраас баярт мэдээгээ эмээдээ хэлнэ гэхээс хамгийн их баярлаж, догдолж байсан. Ярилцлагадаа тэнцсэний дараагаас нэрийг маань биччихсэн 11000 ам.долларын тэтгэлэг олгож байна гэсэн урилга ирсэн юм. Тэр үед л эмээгийнхээ ачийг хариулж байгаа мэт санагдаад их баярлаж байснаа санаж байна. 

Олон шат давааг туулсаны дараагаар АНУ-д очсон үеийн дурсамжаасаа бидэнтэй хуваалцана уу?

Энэхүү хөтөлбөрөөр явсан бүсгүйчүүд яг л сонгогдсон сургуулийнхаа оюутан мэт оногдсон цаг хугацаагаа өнгөрөөдөг. Мэдээж манлайллыг хөгжүүлэх зорилготой хичээлүүд ордог бөгөөд үүнийгээ илүү практикт суурилуулан заадаг нь гайхалтай үр дүнтэй байсан шүү. Онолын хичээлээ үзчихээд заавал ямар нэгэн байгууллагад очиж сайн дурын ажил хийнэ. Дараа нь тэрхүү туршлагаа хоорондоо солилцож хэлэлцэнэ. 

Тухайн үед хамгийн сэтгэлд үлдсэн зүйлсийн нэг нь менторын хөтөлбөр байсан юм. Миний ментор болсон бүсгүй ээжтэй маань адилхан мэргэжилтэй, охин нь надтай нас чацуу байж таарсан тул яг л ээж шиг маань санагддаг байсан. Нэг ёсондоо тэр эмэгтэй миний “америк мөрөөдлийг” гэрэл гэгээтэй болгож өгсөн. Одоог хүртэл ментортойгоо холбоотой байдаг. 

Энэхүү хөтөлбөр танд ямар боломжуудыг нээж өгсөн бэ?

Хөтөлбөрөө дуусгачхаад тэр их мэдлэгийг хуримтлуулсан хүн ямар нэгэн зүйл хиймээр санагддаг юм билээ. Тиймээс найзуудтайгаа хамтран нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой сайн дурын байгууллага байгуулсан юм. Тэрхүү байгууллагаараа охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран Orange Sessions хэмээх хөдөлгөөнийг зохион байгуулсан билээ. Үүндээ SUSI хөтөлбөрөөс олж авсан бүхий л мэдлэг, туршлагаа гаргахаар хичээсэн. Эцэст нь би сайн дурын ажил хийснээрээ өөрийнхөө амьдралыг өөрчлөн, нийгэмдээ үнэ цэнийг бий болгож чадсан юм. 

Эцэст нь энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүсэж буй охид, эмэгтэйчүүддээ хандан өөрийн үнэт гурван зөвлөгөөгөө хайрлана уу?

Нэгдүгээрт өөрийгөө таньж мэдэхийн тулд сониуч байгаарай. Хичээлийнхээ хажуугаар нийгэмдээ хэрэгтэй, сайн сайхан зүйлсийг хийснээрээ өөрийгөө таньж мэдэхэд тань асар их нөлөө үзүүлдэг юм шүү. Хоёрдугаарт аливаад үнэнч, чин сэтгэлээсээ хандаарай. Чамд юу үнэ цэнтэй вэ?, яагаад чамайг сонгох хэрэгтэй вэ?, яагаад энэ хөтөлбөр чамайг сонгох хэрэгтэй юм бэ? Гэдэг асуултуудад чин сэтгэлээсээ хариулаарай. 

Эцэст нь захихад тууштай байгаарай. Зургаан жилийн өмнөх Золбоо тууштай байж чадсан учраас энэ гайхалтай хөтөлбөрт тэнцэж чадсан билээ. Тиймээс аливаад сониуч хандан, чин сэтгэлээсээ өөрийгөө илэрхийлж тууштай байснаар давахгүй даваа, хүрэхгүй газар гэж байдаггүй юм шүү.


Түүний АНУ-д 100 хувийн тэтгэлэгтэй сурсан талаар илүү дэлгэрэнгүй энд дарж TomYo аппаас үзээрэй ?

error: Энэхүү контент хамгаалагдсан!