Өнөөдөр:2022-05-23

ОХУ-ын оюутны амьдралын хэв маягаас…

Миний хувьд Хо Ши Миний нэрэмжит үндэсний лаборатори 14 дүгээр сургуулийг төгссөн бөгөөд төгсөх ангидаа ОХУ-ын засгийн газрын тэтгэлэг авч Санкт-Петербург хотод сурах зорилгоор ирсэн. 

Санкт-Петербург нь Европ тивийн хамгийн залуу мөн тус тивийн хамгийн олон гүүр, далайн суваг, аралтай хот юм. Энд нийт 64 гол, 48 суваг, эрэг хавийн 170 км газар, 100-аад арал, 800 гүүр бий. Тийм ч болохоор цаг агаарын хувьд өндөр чийгшилтэй, ихэнхдээ үүлэрхэг, цас бороо ихтэй байдаг. Монголчуудын хувьд орос улсад амьдрахад уур амьсгалын хувьд төстэй учир дасан зохицоход их хугацаа шаарддаггүй юм шиг санагдсан. Дулаан орноос ирж байгаа бусад гадаад оюутнуудад өвлийн улиралд ирэхэд их хүндрэлтэй байсан тухайгаа надтай хуваалцаж байсан. Харин эсрэгээрээ бидний хувьд энэ нөхцөл байдал асуудал болж чадаагүй. Гэхдээ мэдээж аль бүс нутагт байрладаг хот вэ, гэдгээс шалтгаалаад харилцан адилгүй. 

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хэлний бэлтгэл болон 1-р курсийнхээ эхний семестрийг онлайн хэлбэрээр сурсан. Энд ирсэн даруйдаа шууд хичээлийн өр, шалгалтууд маань намайг угтаж авсан юм. Үнэнийг хэлэхэд учраа мэдэхгүй шууд ийм зүйл намайг хүлээж авсан  болохоор эхэндээ жаахан хүнд санагдсан. Гэхдээ одоо эргээд харахад аль хэдийн даваад гарчихсан дараагийн семестртээ суралцаж байна. Энэ семестрийн хувьд анх ирснээ бодоход хамаагүй тайван, юу хийх учраа олсон бас хамт олонтойгоо танилцаж дотноссон гэх мэт давуу тал олон байлаа. 

Энд дарж 5 улсын хэлний бүх түвшний хичээлийг үзээрэй

Бага байхдаа хэд хэдэн удаа Орос улсад ирж байсан ч одоо байгаа байдалтайгаа харьцуулахад ялгаатай байлаа. Аялалаар ирэх болон амьдрахаар ирэх хоёр маш том ялгаатай гэдгийг хэлэхийг хүсэж байна. Аялал нь богино хугацааны болоод тухайн улсын соёлтой танилцахын тулд хоол хүнс, онцлог гэх мэт бүх зүйлийг танин мэдэх боломж. Харин амьдрах зорилгоор ирэх нь урт хугацаандаа тухайн улсад дасан зохицож, идээших шаардлагатай. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Монгол хоол хүнс, дуртай хоолоо санаж эхэлдэг. Миний хувьд Монгол хоолны дараа Солонгос хоолонд их дуртай. Монгол хоолоо бол өөрөө бэлдэх боломжтой. Солонгос хоолны хувьд ресторанд л идэх боломжтой. Учир нь кимчи, дүпү, амтлагч гэх мэт өргөн хэрэглээний бүтээгдэхүүн дэлгүүр болгонд худалддаггүй. Яг Солонгос дэлгүүрээс л олж авч болох байх мэдээж их үнэтэй тусна. 

Манай хичээлийн хувьд 08:50-17:20-ын хооронд ордог. Дотуур байрнаас их сургууль хүртэл явганаар 30-40 минут, нийтийн тээврээр 15-20 минутын зайд байрладаг. Энд нийтийн тээвэр Монголтой харьцуулахад өртөг өндөртэй. Жишээ нь автобус, троллейбус, трамвай 65 рубль, метро 44 рубль. Төлбөрөө нийтийн тээврийн карт, банкны карт, applepay болон бэлнээр төлөх боломжтой. Гэхдээ оюутны хөнгөлттэй карт гэж байдаг. Түүнд нэг сарын төлбөр төлөөд үйлчлүүлэх нь бидэнд ашигтай. Ганцхан нийтийн тээвэр ч гэлтгүй, энэ хотод амьдрахад өртөг өндөртэй. Оюутнуудыг ажил хийхийг зөвшөөрсөн шинэ хууль батлагдсан ч, ажил тийм хялбар олддоггүй.

Бас нэг шинэ сонирхолтой зүйл гэвэл хичээл сонголт хийдэггүй. Бакалаврын 4 жилийн хугацаанд ямар ямар хичээл судлах нь аль хэдийн хуваарилагдсан байдаг. Их сургуулийнхаа сайт руу ороод 1-4 дүгээр курс хүртэл ямар хичээл орох, ямар багш заах гээд бүгдийг нь тодорхой харах боломж бий. Мөн 1 дүгээр курсээсээ эхлээд шууд дадлагад гардаг. Миний хувьд ангиараа хариуцсан багшийн хамт өөр хотод дадлага хийхээр болсон. Бусад гадаад оюутнуудыг бодвол бидэнд байдаг ганц давуу тал нь Орос, Монгол адилхан үсэгтэй тул бичих тал дээр хүндрэл байдаггүй. Тийм ч болохоор багш нараасаа Монгол оюутнууд гоё бичдэг гэж хааяахан магтаал сонсдог. Гэхдээ хэдий адилхан үсэгтэй ч үсгийн дуудлага авиа нь ялгаатай байдаг. 

Орос улсад та бүх мэргэжлийн гүнзгийрүүлсэн суурь мэдлэг эзэмших боломжтой ч тус улс физик, математик, шинжлэх ухаан, байгалийн ухааны чиглэлийн чанартай сургалтаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч улс юм. 

Ийнхүү өөрийн оюутны энгийн 7 хоногийг та бүхэнд бичлэг болгон хуваалцаж байна. Өдөр бүр шинэ, содон, гэнэтийн зүйлсээр угтах болно.

YouTube: https://youtu.be/C3nbAUgqtWU

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!