Өнөөдөр:2022-07-03

Хувь хүний цагийн менежментээ сайжруулах аргууд

Хүн бүрт яг ижил цаг хугацаа болох 24 цаг, 1,440 минут, 86,400 секунд өдөр болгон оногддог ба тэрхүү цагийг хэрхэн зөв зохистой ашиглах нь хувь хүнээс шалтгаалдаг.

Хүн бүрийн амьдралын хэв маяг харилцан адилгүй хэдий ч цагаа зөв зохицуулж сурах нь амжилтын үндэс болдог. Хэрвээ нэг л учраа олохгүй, хамаг ажил нь тулчихсан хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй цагаа өнгөрөөж байгаа бол доорх аргууд танд туслах болно.

1. Помодоро арга

Хамгийн түгээмэл ашиглагддаг арга бол яахын аргагүй помодоро техник юм. Энэхүү аргын тусламжтайгаар үр дүнтэйгээр ажлуудаа дуусгах боломжтой. Хэрхэн ажилладаг арга вэ гэж үү?

Та 20–25 минут л юунд ч сатаарахгүйгээр нэг ажилдаа төвлөрөх хэрэгтэй. Энэ үедээ өөрт сануулах зорилгоор 25 минутын сэрүүлгийг тавиарай. Цаг дуусмагц багадаа 5 минут ихдээ 15 минутын амралт аваад дараагийнхаа 25 минут руу орно. Төвлөрөх хугацаа бага юм шиг хэдий ч маш үр өгөөжтэй цагийн менежментийн арга юм.

Санамж: 5 болон 10 минутын амралт авах үедээ аль болох гар утсаа оролдохгүй байж, харин бага зэргийн хөдөлгөөн хийнгээ, дуртай цайгаа оочингоо намуухан ая сонсохыг зөвлөж байна.

2. Хийх ажлын жагсаалт гаргах

Өглөө сэрээд л бидэнд маш их хийх ажлууд шил дараалан толгойд орж ирдэг. Заримдаа бид хаанаас эхлэхээ мэдэхгүйгээр ажлууд болон хичээл дундаа төөрчихдөг. Энэ үед танд to-do туслах болно. Өглөө босоод тухайн өдөр хийх ажлынхаа нийт жагсаалтыг гаргаснаар хүн аль нь чухал, аль нь хойшлуулах боломжтой нь тодоос тод харагдах болно. Ингээд та төөрөлгүйгээр чухал ажлаасаа эхлэн ажлаа хийж эхлээрэй.

3. Календарь хөтлөх

Бид бүхний ажил, хичээл аль аль нь тогтсон цагийн хуваарийн дагуу эхэлж, дуусдаг. Нэг талаараа нэг сарын ерөнхий хуваарь гарчихсан байдаг гэж хэлж болно. Ерөнхий хуваариа илүү нарийвчлан задлах юм бол өдөр тутамдаа хийж амжуулах ёстой ажлууд гарч ирдэг. Тодорхой бөгөөд чухал ажлуудаа өөрийн ашигладаг календарь дээрээ зоож өгөх нь цагаа зөв зохицуулахад маш том нөлөөг үзүүлдэг. Хүн бүрийн сонирхол өөр байдаг. Зарим хүмүүс электрон календарь ашиглах нь үр дүнтэй санагддаг бол нөгөө хэсэг хүмүүст нь цаасан календарь хөтлөөд өдөр бүр хийх ажлаа нягтлан харах нь илүү байх явдал бий. Тиймээс өөртөө эвтэйхэн сонголтыг хийж календарь хөтлөхөд суралцаарай.

Та яг одоо энд дарж TomYo аппаа татаарай

4. Цаг хугацааны хязгаар тогтоож өгөх

Бидний хийх ажил бүрт эцсийн хугацаа гэж бий. Жишээлбэл, багш бие даалт өгөөд даалгавраа хурааж авах хугацааг сурагчдад хэлдэг. Энэ нь өөрөө эцсийн хугацаа буюу ажлыг дуусгах ёстой хязгаар юм. Хийж буй ажилдаа цагийн хязгаарыг тавьж өгөх нь ажлыг үр дүнтэйгээр дуусгах аргуудын нэг яахын аргагүй мөн билээ. Тиймээс хэн нэгнээс ирэх ажлыг, хичээлийг дуусгах цагийг хүлээлгүйгээр өөр өөртөө цаг хугацааны хязгаарыг тогтоож өгч сурах нь чухал. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр багш ирэх 7 хоногийн Лхагва гарагт даалгавраа авна гэсэн бол би энэ даалгаврыг энэ 7 хоногийнхоо бямба гарагт дуусгаад, ням гарагт багш руу илгээнэ гэсэн төлөвлөгөөг гаргах явдал. Ингээд дуусгах өдөр хүртлээ өдөрт хэдэн цаг, минутыг зарцуулахаа хүртэл эндээс шийдэх боломжтой болдог.

Гаргасан ажлынхаа эцсийн хугацааг календарь дээрээ тэмдэглэх нь илүү үр дүнтэй болгож өгдөг шүү.

5. Орчноо цэгцтэй байлгах

Ажлаа эсвэл хичээлээ хийх орчноо цэвэр цэмцгэр, цэгцтэй байлгах нь ажлын бүтээмжид нөлөөлдөг гэсэн маш олон судалгаа байдаг. Би өөрөө ч энэ аргыг туршиж үзсэн. Хүн өөрийнхөө суух орчноо цэгцтэй байлгаснаар хийж буй ажилдаа илүү төвлөрч, аливаад сатаарах магадлал багасдаг. Энэ арга нь бас нэг цагаа хэмнэж, хэрэгтэй зүйлдээ 100 хувь төвлөрч суухад тань туслах аргуудын нэг юм.

6. Өөрийн бүтээмжтэй цагийг олж мэдэх

Хүн бүрийн бүтээмжтэй цаг харилцан адилгүй. Зарим хүн орой суухаараа ажилдаа төвлөрч чаддаг бол нөгөө хэсэг нь өглөө эрт илүү төвлөрч, их ажлыг гараасаа гаргадаг. Бүтээмжтэй цагаа олох нь хамгийн төвөгтэй гэсэн ажлаа үр дүнтэйгээр дуусгахад тусалдаг билээ. Миний хувьд дипломын ажлаа бичиж байх үедээ 09:00–11:00 цагийн хооронд хамгийн ихээр төвлөрч чаддаг байсан тул яг энэ 2 цагт л судалгаагаа хийдэг байсан. Энэ аргыг ашиглаж, амжилттайгаар судалгаагаа дуусгасан түүхтэй.

Хамгийн муухай мэлхийг түрүүлж ид гэдэг үг байдаг шиг бүтээмжтэй цагтаа хамгийн хэцүү гэсэн ажлаа хийгээрэй.

Цагаа зөв зохицуулж сурах гээд маш олон цагийн менежментийн аргуудыг туршиж үзсэн бөгөөд хамгийн үр дүнтэй нь дээрх аргууд байсан ба цагаа зөв зохицуулж сурахад маань маш их тусалсан. Ялангуяа дипломын ажлаа бичиж байх үедээ эдгээр аргуудыг ашиглаад стрессдэхгүйгээр яг цагтаа дуусгаж, үр дүнтэй судалгааг хийж байсан юм. Танд ч бас тус болно гэдэг итгэлтэй байна.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!