Өнөөдөр:2022-07-03

Хууль зүйн англи хэл

Бизнесийн англи хэл, анагаахын англи хэл гэдэг шиг хууль зүйн англи хэл нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд буруу орчуулга нь ноцтой үр дагаварт ч хүргэж болох эрсдэлтэй. Ингээд хууль зүйн англи хэлээ сайжруулах гэж байгаа эсхүл хууль зүйн баримт бичиг орчуулах гэж буй та бүхэнд анхаарах шаардлагатай асуудлууд болон өөрийн ашигладаг tips-ээ хуваалцъя.

Хуулийн талаар мэдлэгтэй байх

Орчуулах гэж буй сэдэвтэйгээ холбоотой, тухайн асуудлыг зохицуулсан хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Учир нь хууль зүйн нэр томьёо, бүр цэг таслал хүртэл цаанаа эрх зүйн үр дагаврыг дагуулж байдаг.

Жишээлбэл, баталгаа болон батлан даалтыг, өмчлөх болон эзэмшихийг, ёстой болон зүйтэй зэргийг хооронд нь хольж сольсон тохиолдлууд зөндөө байдаг ба эдгээрийг хэрхэв ч адилтган авч үзэж, хамаагүй орчуулж болохгүй. Хэрэв англиас монгол хэл рүү орчуулж байгаа бол холбогдох хууль тогтоомж дээр тухайн нэр томьёог юу гэж томьёолсныг хараад тухайн нэршлээр нь орчуулж бичих нь хамгийн зөв арга юм.

Энд дарж шинэчлэгдсэн TomYo аппаа татаарай.

Гадны нэр томьёо

Нийтлэг эрх зүй нь олон зууны турш хөгжиж ирсэн, нарийн ньюанс шаардсан арвин их үг хэллэг, нэр томьёогоор дүүрэн байдаг бол эх газрын буюу манай эрх зүйн системд тухайн нэр томьёотой 100% дүйцэх нэр томьёо байхгүй тохиолдол маш олон бий. Тэр тохиолдолд утгачлан орчуулдаг. Ингэхдээ хаалтад англи эсхүл латин нэр томьёог нь бичиж үлдээсэн нь илүү зүйтэй. Гэхдээ зарим латин нэр томьёог олон улсад орчуулалгүй хэрэглэж заншсан байдаг учир орчуулалгүйгээр тэр чигээр нь хэрэглэх тохиолдлууд байдаг.

Хязгаарлагдмал хүрээний нэр томьёо

Хууль зүйн англи хэл нь хязгаарлагдмал тооны нэр томьёон дунд эргэлддэг ба тухайн түгээмэл хэрэглэгддэг нэр томьёог англи хэл дээрх гэрээ, нийтлэл, ном зэргийг уншиж судлах замаар сурах бүрэн боломжтой. Учир нь хууль зүйн баримт бичиг уншиж судлах явцад тодорхой нэр томьёо удаа дараа давтагдан гарч ирэхэд тухайн нэр томьёог ямар үед, хэрхэн хэрэглэх талаар танд төсөөлөл бий болдог. Ийм аргаар нэр томьёог хэрхэн яаж орчуулах, хэрэглэхийг цээжлэх хэрэгтэй.

Жишээлбэл, гэрээний англи хэл бол тогтсон нэр томьёон дунд эргэлддэг. Гэрээнд хэрэглэгддэг “shall” гэдгийг ёстой эсхүл үүрэгтэй, “may” гэдгийг тэгж болно гэж оруулдаг бол shall-ийн оронд must гэж бичих нь ихэнх тохиолдолд зохимжгүй гэдгийг англи хэл дээр гэрээнүүд уншиж үзсэнээр мэддэг болно.

Тодорхой байх

Хууль зүйн англи хэлний хувьд заавал хэцүү эсхүл мундаг үг хэллэг хэрэглэх гэхээс илүүтэйгээр ойлгомжтой, хоёрдмол утгагүй, амархан үг хэллэг хэрэглэж бичихийг хичээх хэрэгтэй. Таны англи хэл дээр бичсэн эхсүл орчуулсан зүйлийг хэн ч уншаад эргэлзээ төрөхөөргүй, шууд утгатай байх нь чухал. Гэхдээ мэдээж албаны буюу formal үг хэллэг ашиглах ёстойг анхаарах хэрэгтэй.

Судалгаа

Өөрөө зохиож бичихээсээ өмнө бусад хүмүүс үүнийг яаж бичсэн байна, ямар үг хэллэг хэрэглэсэн байна хайж үзэх хэрэгтэй. Тухайн үг хэллэг, нэр томьёог хэд хэдэн судлаач, хуульч ижил төстэйгөөр хэрэглэж бичсэн байвал түүнтэй төстэй (гэхдээ хуулбарлаж болохгүй нь мэдээж) бичвэл илүү зүгээр мөн таныг алдаа гаргахаас сэргийлнэ.

Энд дарж шинэчлэгдсэн TomYo аппаа татаарай.

Толь бичиг ашиглах

Хуулийн нэр томьёог зөв ойлгож хэрэглэх, орчуулахад дан ганц Болор толь эсхүл Алтангэрэлийн толь бичиг хангалтгүй бөгөөд Black’s Law Dictionary эсхүл Oxford Dictionary of Law зэрэг хууль зүйн толь бичиг ашиглах нь зүйтэй. Эдгээр хуулийн толь бичгүүд нь тухайн нэр томьёоны утгыг сайн гаргаж ирдэг болохоор та тухайн утгатай дүйцэхүйц монгол нэр томьёог олоход илүү дөхөм болдог. Өөрөөр хэлбэл та тухайн англи хэл дээрх хуулийн нэр томьёоны утгыг нь эхлээд ойлгочихвол монгол хэлнээ буулгахад амар мөн зөв буулгаж чадна.

Proofread буюу хянан унших

Аливаа бичвэрийг хамгийн төгс хувилбарт ойртуулах арга бол бичсэн зүйлээ хянах. Бичиж дуусаад хэсэг зуур тухайн сэдвээсээ холдож тархиа амраасныхаа дараа бичсэн зүйлээ хэвлэж аваад, тухтай суугаад, бичсэнээ нэг уншаад үзээрэй. Бичиж байхдаа олж хараагүй дүрмийн алдаа, найруулга зүй, буруу үгийн сонголтоо та олж харах болно гэдэгт итгэлтэй байна.

Тун удахгүй хууль зүйн түгээмэл 300 нэр томьёог та бүхэндээ хүргэх болно.

Share

Attorney at Law, LL.M from Indiana University

error: Энэхүү контент хамгаалагдсан!