Өнөөдөр:2021-07-31

Г.Ган-Эрдэнэ: Улсынхаа хилийг даваад л бид сорилттой тулгардаг

Зочин: Youtuber, Influencer, TikToker, Creator of “The Growth” Бизнес удирдлагын бакалаврын зэрэгтэй, Санхүү, Эдийн засгийн мастерын оюутан Г. Ган-Эрдэнэ.

Instagram: g_g_gansukh

Энэхүү ярилцлагаараа ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын мэргэжил сонголттой холбоотой тулгардаг бэрхшээлүүдийг хөндөх болно.

Урилга хүлээн авч, цаг гаргаж байгаа танд баярлалаа. Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач.

Би 3 жилийн дараа ирж байна. Аав, ээж, хайртай гэр бүлийнхэнтэйгээ уулзаад гоё байна. Миний амьдардаг Эрдэнэт хот бол тэр чигээрээ өөрчлөгдсөн байна. Том худалдааны төвүүд нэмэгдэж, том барилгууд баригдсан байна.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Та багадаа ямар хүүхэд байсан бэ?

Багадаа дуугүй, мариалаг хүүхэд байсан. Одоо бодоход мариалаг байдлаасаа ичдэг байлаа. Гэхдээ тийм ч ичимхий бол биш. Яг өөрийнхөө сэтгэл хөдлөлийг гаргах үедээ гаргачихдаг. Сэтгэл хөдлөл өндөртэй байсан.

Дараа нь бүжгийн дугуйланд яваад хөөрхөн жин хассан. Бүжгийн дугуйланд явснаас хойш өөрийгөө нээх том шалтгаан болж өгсөн.

Та мэргэжлээ яаж сонгосон бэ? Одоо мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүдэд юуг анхааруулж хэлэхийг хүсэж байна.

Яг үнэнийг хэлэхэд 10, 11-р ангийн хүүхдүүд ямар мэргэжил сонгох уу? гээд мэддэггүй. Мэргэжил сонгохын тулд хийх ёстой зөв алхам бол мэргэжил сонгох тест өгөх. Мэргэжил сонгох тестийг доод тал нь 3-ыг өгөөд, 3 тестээ харьцуул, өөрийгөө юунд дуртай, өөрийгөө яг ямар талбарт байна гэдгийг төсөөллөөрөө бодож байх хэрэгтэй. Тест өгөөд шууд мэргэжил сонгох хэцүү, яагаад гэвэл олон сонголтууд гарч ирдэг. Тийм болохоор өөрийнхөө өгөгдлийг тодорхоолоорой.

Жишээ нь:

1. Ямар авьяастай вэ? цаасан дээр доод тал нь 5-ыг жагсааж бичээрэй. Дуулах, бүжиглэх, жүжиглэх магадгүй урлагийн талбарын хүн байж болно.

2. Чадвар, давуу талууд? Онцгой биш ч бусдаас бага зэрэг илүү хийж чаддаг зүйл. Жишээ нь компьютер дээр удаан суух, хүнтэй харилцах гэх мэт 5-ыг бичнэ.

3. Сонирхол? Спорт, урлаг, шинэ бизнес эхлүүлээд компаниа авч явах, борлуулах сонирхолтой юм уу, яг өөрийн чинь сонирхол юу байна, өөрийгөө тодорхойл.

4. Өөрийгөө ямар талбар дээр байдгаар төсөөлдөг вэ? Би бол багадаа өөрийгөө бизнесийн талбар дээр байна гэж боддог байсан.

Хажууд нь дуу, бүжиг гээд миний сонирхол байгаа шүү дээ. Тэрийгээ ч гэсэн хаяхгүй сонирхол болгоод хөгжүүлээсэй гэж дүү нараасаа хүсмээр байна. Өөрийнхөө сонирхлыг хөгжүүлэх тусам эсрэгээрээ чамд сайн зүйл болно. Ном сайн уншдаг гэж бодоход онлайн сургалт хийж болно. Орлогын жижиг эх үүсвэр болж өгнө.

Монгол-Турк сургуулийг Эрдэнэтэд төгссөн. Сургуулиа төгсөөд турк явах боломж байсан уу?

Би Турк руу л явна гэж уйлдаг байсан хүүхэд шүү дээ. Миний 2 дахь хэл бол Турк хэл. Туркийн их сургуульд орно гээд өөртөө бат итгэж байсан. Гэтэл манай ээж, аав хоёр АНУ руу яв, яагаад гэвэл англи хэл бол дэлхийн хэл гэж хэлсэн. Би бол англи хэлэнд үнэхээр дургүй, үзэн яддаг. Англи хэл гэхээр л үстэй толгой арзайдаг байсан. Дургүйд хүчгүй гэдэг шиг өөрөө ч тийм дуртай байгаагүй. Яалт ч үгүй ээж, аав хоёрынхоо шахалтаар явсан. Гэхдээ явсандаа бол баярладаг, зөв шийдвэр байсан. Хааяа эцэг, эхээ сонсох нь зөв. Гэхдээ Турк руу явсан бол муудсан зүйл бол байхгүй л байсан байх.

Таны мэргэжил таны сонголт байж чадсан уу? Гэр бүлийн зүгээс ямар зөвлөгөө өгсөн бэ?

Айлын дунд хүүхэд болохоор өөрийнхөө юмыг өөрөө хийдэг. Хүмүүст зөвлөхөд болж өгвөл бор зүрхээрээ юмаа хийж байгаарай. Хэн нэгний тусламж авч болно. Гэхдээ яг хэрэгтэй үедээ тусламжаа ав. Юу ч болоогүй байхад хүнээс сонссон зүйлээрээ явах биш. Жишээ нь эмч мэргэжилтэй хүн, программ хангамжаар сурдаг хүн мөнгө их олдог гэх мэт мөнгөндөө гол нь биш, чиний сонирхол чинь хаана байна тэр зүг рүү л явсан нь дээр. Тэр мэргэжлийг сонголоо гэхэд насан туршдаа тэр мэргэжилтэйгээ хамт байж чадах уу? гэдэг асуултыг өөрөөсөө асуу.

АНУ-д буруу мэргэжлээ сонголоо гэж бодъё. Тэр мэргэжилдээ дургүй, хичээл нь хэцүү, миний сонирхол биш юм байна гэж дундаас нь болиод мэргэжлээ сольж болно. Солихдоо илүү нэмэлт ангиуд авдаг. Энэ нь өөртөө дахин зардал нэмж байна гэсэн үг. Анхнаасаа зөв мэргэжил сонгосон бол яг л хугацаандаа төгсөнө, боломжтой бол хугацаанаасаа өмнө ч төгсөж болно.

Би мэргэжлээ сонгохдоо ахаасаа зөвлөгөө авч байсан. Бизнесийн удирдлага гэж юу юм бол? ОУ-ын бизнес гэж юу юм бол? Жишээ нь ОУ-ын бизнес гэхээр дотроо гадаадаар аялаад л, том том компаниуд дээр очоод гэрээ хийж гарын үсэг зураад л, яг л үгээр нь утгачлаад ойлгочихсон. Гэхдээ хэзээ ч тийм биш. ОУ-ын бизнесээр төгссөн хүмүүс өөр мэргэжлээр ажилах тохиолдол байдаг, яагаад гэвэл өргөн хүрээний мэргэжил юм.

Их сургуулиа төгсөөд яг ямар ажил хайхаа мэдэхгүй төөрөлддөг. Энэ надад 2 жилийн өмнө тохиолдсон. Би менежер болох юм уу, борлуулагч болох юм уу, эсвэл хүний нөөц рүү орох юм уу өргөн хүрээтэй болохоор өөрийн эрхгүй төөрөлддөг. Гэхдээ би ийм чиглэл рүү орно гэж мэдэж байвал сайн.

“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Чадвар дээрээ эсвэл сонирхол дээрээ тулгуурлан мэргэжлээ сонго гэвэл алийг нь сонгох вэ?

Аль алийг нь сонгоно. Яагаад гэвэл чиний сонирхол чинь хаана байна чадвар чинь тэнд гарч ирнэ. Хүн сонирхолтой зүйл дээр 24 цаг ч сууж чадна. Чи угаасаа сонирхолтой байгаа учраас ур чадвараа гаргах дээр анхаараарай.

Их сургуулиа сонгоход ямар шалгуураар сонгосон бэ?

Би жуучлалын газраар явсан. Жуучлалын газраас Lindenwood их сургуулийг санал болгосон. Сурагч нарт өгдөг тэтгэлгүүд байсан болохоор сонгосон удаатай.

Сурах газраа сонгохоосоо өмнө амьдрах газраа олох хэрэгтэй. Хүмүүс өртөг багатай жижиг хот руу яв гэдэг. Эсрэгээрээ угаасаа зардал болох учраас аль болох том хот руу явах тусам чамд боломж их байдаг. Том хотод очвол харах өнцөг чинь өөр болно. Олон улсын хүүхдүүд юу хийж байна гэж өргөнөөр харах боломж нээгдэнэ. Амьдрах газраа сонгоод чиний мэргэжилтэй их сургууль байна уу? гэж хайвал зүгээр.

Таны зүгээс эсэн дээрээ ингэж бичвэл их сургуульд ороход илүү нөлөө үзээлдэг шүү гэж зөвлөвөл, ямар зөвлөгөө хүргэх вэ?

Их сургуулийн эсэн дээр чиний зорилго, яагаад энд сурахыг хүссэн, тэтгэлэг авах юм бол яах вэ? гэсэн ерөнхий асуултууд байдаг. Зөвхөн өөрийгөө бичих биш, олныг хамарсан сайн үйлсийн аян хийнэ гэж бичвэл зөв болно. Манай эх оронд ийм асуудал байгаа учраас ийм мэргэжилтэй болж шийдмээр байна гэх мэт олон хүн рүү тулгуурлавал зүгээр. Маш зөв өөрийгөө тодорхойлоод, сайн үйлсийн тухай багадаа 3 жишээ бич.

Гадаадад сурснаараа танд ямар боломжуудыг нээж өгсөн бэ? Мөн сул тал нь юу байв?

Чи өөрийгөө сайн ойлгодог болно. Чи Монгол улсын хилээс гарлаа л бол ганцаараа. Чи маш том хариуцлагыг өөр дээрээ авна гэсэн үг. Саад бэрхшээлүүдтэй өөрөө нүүр тулна, түүнийгээ давж чаддаг болно.

Сул тал гэвэл өвдөх үед ганцаараа байх л хэцүү. Биеэ дааж сурсан ч гэсэн хүн өвдөхөөрөө хамгийн сул дорой байдаг. Хажууд асрах гэр бүл байхгүй, асран хамгаалах хүн байхгүй. Амьдрал дээр ганцаараа төрсөн мэт муухай мэдрэмж авдаг.

Америкт очихоос өмнөх төсөөлөл, очсоны дараах бодит байдал хэр өөр байсан бэ?

Очихоосоо өмнө айдаг байсан. Шинэ технологи, соёлын шок гэх мэт. Очиход яг л тийм байсан. Хүмүүс онлайнаар New York ч юм уу том хот хараад өндөр барилгуудаар төсөөлчихдөг. Явах гэж байгаа сургууль нь хөдөө талдаа байвал сэтгэлээр жаахан унадаг. Америк л бол Америк та тэндээсээ өсөн дэвжинэ. Би хэчнээн хөдөө газар очих гэж байгаагаа мэдсэн ч гэсэн сэтгэл хангалуун байсан. Би эндээс илүү их зүйл сурна даа гэж бодсон. Хаана ирсэн нь чухал биш, зорилго чинь чухал.

Lindenwood их сургуулийг 2019 онд бакалавраар төгссөн. Таны хувьд төгсөөд ажил дээр гарсан. Үргэлжлүүлээд сурсан. Тэгвэл бакалавраа төгсөөд шууд ажлын байранд гарах боломж нь хэр нээлттэй байдаг вэ?

Америкт гадуур ажиллах хориотой. Бакалавраа төгсөөд их сургуулиас нэг жил мэргэжлээрээ ажиллах эрх өгдөг. Үргэлжлүүлээд ажиллахын давуу тал гэвэл ажлын визэнд орж болно. Компаниасаа sponsorship авч болно. Мэдээж энд маш удаан үйл явц, маш их хөдөлмөр хэрэгтэй. 

Хамгийн анхны ажлын ярилцлага өгөхөд ямар мэдрэмж авч байсан бэ?

Амьдралдаа анх удаа англи хэл сурч байгаа юм шиг л гацсан. Amazon-д өгч байсан. Ажлын ярилцлага бол их энгийн. Өөрийнхөө айдсаас болоод гацаж, түгдчээд эхэндээ хэцүү байсан. Харин 2 дахь үе шатан дээрээ хамаагүй дээр байсан. Айдас гэдэг бол хиймэл зүйл гээд давах хэрэгтэй.

Хэлний бэлтгэлд 9 сар сурсны дараа өөрийн үзэл бодлыг хангалттай илэрхийлж чадаж байсан уу?

Би хэлээ сайжруулсан уу, үгүй юу гэж байтал цаг хугацаа хурдан өнгөрчихсөн. 1, 2 жилийн дотор хэл сурна гэж байхгүй. Би Америкт 7 жилийн турш одоо болтол сурч байгаа. Надад заримдаа мэдэхгүй үг гарч ирдэг. 

Бизнес удирдлагаар сурах гэж байгаа сурагч нар ямар ур чадваруудыг өөртөө суулгасан байх ёстой юм бэ?

Ярианы чадвар, өөртөө итгэх итгэлтэй байх ёстой. Your “I can” is stronger than your IQ. Сэтгэл зүйн эрүүл мэнд бол чухал. Би чадна гэсэн өөртөө итгэх итгэл чинь бүх зүйлээс илүү хүчтэй байдаг. Надад ийм ур чадвар байдаг гэж мэдэж л байх юм бол яагаад ч алзахгүй. Би өөрөө тийм төрлийн хүн.

Бизнес удирдлагаар сурах нь бусад мэргэжилтэй харьцуулахад олон ажлын байр руу хөрвөх чадвартай. Бакалавраа төгсөөд үргэлжлүүлж сурах нь дээр үү? Эсвэл эртхэн ажил дээр гарсан нь дээр үү?

Ажил дээрээ дадлага хийж байсан нь дээр. Нэг жил ч болов ажлын талбар дээр жижиг ч хамаагүй туршлага хэрэгтэй. Өөрийнхөө замыг нээж өгнө гэсэн үг. Чи мастерын зэрэгтэй гээд бакалаврын зэрэгтэй хүн чамаас илүү ажлын туршлагатай ороод ирвэл яах уу? Би бол туршлагаа хуримтлуулаасай гэж хүсэж байна.

Ярилцлагынхаа төгсгөлд таны бодлоор МЭРГЭЖИЛ гэж юу вэ ?өөрийн үгээр тодорхойлооч?

Мэргэжил бол чиний насан туршдаа хамт байж чадах зүйл. Нэг бодлын чамайг тодорхойлох хамгийн том үнэмлэх.

Үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Ирээдүйн ажилд тань өндрөөс өндөр амжилт хүсье.

error: Энэхүү контент хамгаалагдсан!