Өнөөдөр:2021-11-27

Хуульчийн мэргэжлийн шалгалтдаа бэлэн үү? Тэгвэл хэдэн зөвлөгөө байна

Наадмын амралтаар тархиа амрааж, эрч хүчээр биеэ цэнэглэсэн бол өнөөдрөөс хуульчийн мэргэжлийн шалгалтдаа бэлдэж эхлэх цаг болжээ. Энэ жилийн шалгалт 2021 оны 9-р сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогдсон ба танд бэлдэх хугацаа төдий л их байхгүйг сануулахад илүүдэхгүй болов уу.

Магадгүй миний өмнөх нийтлэлүүдийг уншаагүй байгаа хуульч болох хүсэлтэй залуус маань хуульчийн мэргэжлийн шалгалт гэж юу вэ хэмээн гайхаж байж магад. Хуульчийн мэргэжлийн шалгалтыг хуулийн сургуульд сурч төгсөөд, эрх зүйчээр 2 жил ажилласны дараа өгдөг ба уг шалгалтыг амжилттай давбал “хуульч” гэх эрхэм алдрыг хүртэж, хуульчаар ажиллах эрх үүснэ.

Хуульчийн мэргэжлийн шалгалт нь 3 өдөр үргэлжилдэг ба эхний өдөр 200 тестийн сорилго өгөх ба уг тестийн сорилгод тэнцвэл дараагийн 2 өдөр нь иргэн, эрүү, захиргааны эрх зүйгээр тус тус нэг бодлого боддог. Тэгвэл энэ шалгалтад үр бүтээлтэй бэлдэж, амжилттай тэнцэхийн тулд мэдвэл зохих цөөн хэдэн зөвлөгөө/tips-г хуваалцмаар байна.


“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

1.Сургалт

АНУ-д хуульчийн шалгалтад бэлддэг Barbri, Kaplan, Themis гэх зэрэг мэргэшсэн сургалтууд олон байдаг ба уг шалгалтад амжилттай, системтэй бэлдэхийн тулд уг сургалтад суухыг илүүд үздэг. Монголд өмнө нь Монголын Хуульчдын Холбооноос л системтэй сургалт зохион байгуулдаг байсан бол одоо Legal Academy гэх зэрэг туршлагатай, академик хуульчид хамтран илүү өргөн хүрээг хамарсан сургалт зохион байгуулдаг болсон. Ийм сургалтад суух албагүй ч энэ нь мэдээж сурснаа сэргээх хамгийн дөхөм арга бөгөөд шалгалтад тэнцэх боломжийг тань улам л нэмэгдүүлнэ.

2. Тестийн сорилго

Тестийн сорилго бол “Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлдэх тестийн сорилгын хураамжийн ном”-ноос ирдэг учир уг номын бүх асуултуудыг цээжилсэн байхад айх аюулгүй. Тиймээс тестийн сорилго дээр аль болох өндөр оноо авах хэрэгтэй ба ингэснээр хамгийн хэцүү хэсэг болох бодлогын шалгалт дээр бага оноо авсан ч нийлбэр оноогоороо тэнцэх боломжтой.

Тестийн сорилгын хураамж номыг багадаа 2 удаа уншиж дуусгах хэрэгтэй. Эхний удаа уншихдаа цээжлэх гэж биш ойлгох гэж унших бөгөөд хоёр дахь удаагаа уншихдаа ойлгосноо бататгаж, зарим цээжлэхээс өөр аргагүй асуултуудын хариултыг цээжлэх нь зүйтэй. Иймэрхүү тактикаар тэр зузаан тестийн сорилгын хураамж номыг унших нь үр бүтээлтэй ба илүү өгөөжтэй, үлдэцтэй санагддаг. Гэхдээ мэдээж танд өөрийн гэсэн шалгалтад бэлддэг арга барил байдаг бол тэрийгээ ашигласан ч болно шүү дээ.

3. Бодлого

Бодлогын шалгалт бол таны мэдлэг гэхээс илүү таны хууль хэрэглээ, хуульчийн ур чадварыг сорьдог шалгалтын хоёр дахь хэсэг юм. Бодлогын шалгалтын үеэр legalinfo нээлттэй байх учир хүссэн хуулиа ашиглах боломжтой учир энд та хууль цээжлэх шаардлагагүй. Харин бодлого бодох аргачлалаа сайн эзэмшсэн байх шаардлагатай. Уг аргачлалыг өөртөө хэвшүүлж, шалгалтын өдөр “паникдахгуйн” тулд хэд хэдэн удаа аргачлалаа бүрэн ашиглаж өөр өөр төрлийн бодлогуудыг бодож үзэх хэрэгтэй.

4. Review

Шалгалтын өмнөх өдөр болж өгвөл шинэ зүйл сурах гээд хэрэггүй. Харин тэрний оронд шалгалт болох өдрөөс багадаа 7 хоногийн өмнө бүх судлах ёстой зүйлсээ дуусгаад, сүүлийн 7 хоног бол зөвхөн давтлага хийнэ гэж төлөвлөн өөрт байгаа хугацаагаа хуваарилах нь хамгийн үр бүтээлтэй арга. Жишээлбэл, тестийн хураамжийн номоосоо тодруулсан асуултуудаа дахин нэг унших, бодлогын аргачлалаа дахин нэг хараад нэг, хоёр бодлого бүтэн аргачлалаа ашиглан бодох.

5. Exam shock

Exam shock нь яг шалгалтын өдөр тулгардаг сэтгэл хямрал, түгших, сандрах мэдрэмжүүдийн нийлбэр. Мэдээж хэрэг хуульч болох үгүйг тань шийдэх асар хариуцлагатай энэ өдөр сандрахгүй хэн байх билээ гэхдээ тэр exam shock-ийг та удирдаж болно. Жишээлбэл, шалгалтын өмнөх өдрүүдэд яг л шалгалт өгч буй мэт мэдрэмжийг өөртөө төрүүлж, сэтгэлзүйгээ бэлдэхийн тулд цаг тавиад тестийн сорилго болон бодлогуудаа нэг хийгээд үзээрэй.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

6. Бусад

Шалгалт амжилттай өгөхөд дан ганц мэдлэгээс гадна бие махбодийн нөхцөл байдал мөн асар том нөлөөтэй байдаг. Ядарсан, сульдсан, нозоорсон хүний гүйцэтгэл мэдээж муу байна. Тиймээс яг шалгалтын өмнөх өдөр маш сайн амар, аль болох битгий шалгалтын тухай бод, найзуудтайгаа ярилц, шалгалтын өдөр биед эвтэйхэн хувцас өмс, чихээ бөглөх ear plug авч яв, ходоод гэдсээ хямраах хоол хүнс битгий ид, шалгалтын дундуур эсхүл өмнө нь битгий хүнд хоолло учир нь хүнд махан хоол нь нозооруулдаг, мөн ус, хар шоколад авч яваад нозоороод ядраад байвал бага багаар идээд бай.

Эцэст нь хэлэхэд шалгалтаа дуусгаад гарч ирснийхээ дараа шалгалтын хариуны талаар хамт шалгалт өгсөн хүмүүстэйгээ ярилцах нь таныг сэтгэлзүйн хувьд хямраахаас өөр ямар ч ашиггүй. Яг хэн нь зөв эсхүл буруу хийснийг тэр өдөр биш харин шалгалтын хариу гарах өдөр л мэднэ шүү дээ.

Ингээд хуульч болохын тулд энэ хүртэл тууштай явсан танд хуульчийн мэргэжлийн шалгалтаа амжилттай өгөхийг хүсэхийн ялдамд дээрх бяцхан зөвлөгөөг төвөгшөөлгүй нэг хэрэгжүүлээд үзээрэй гэж хэлье!

Share

Attorney at Law, LL.M from Indiana University

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Энэхүү контент хамгаалагдсан!