Юу биднийг сайн суралцаж, ажлаа хийх хүсэлд хөтөлдөг вэ?

“The School of Life”-н нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Төсөөлөөд үзээрэй. Та ямар ч асуудалгүй төгс ертөнцөд амьдардаг. Энэ ертөнцдөө та ажил мэргэжлээ сонгох болжээ. Энэ тохиолдолд бидэнд зөвхөн дараах 2 хүчин зүйл л чухал байх болов уу.

  • Хийх дуртай ажлаа сонгох
  • Материаллаг хэрэглээг маань хангахад хүрэлцэхүйц цалинтай ажлыг сонгох

Бид ийм эрх чөлөөтэй, энгийн байдлаар сонголт хийхийн тулд сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй байх ёстой байдаг боловч яг амьдрал дээр маш цөөхөн хүн л тийм нөхцөл байдалд байдаг.

TomYo Class хэмээх шинэ функц нээгдлээ. Та яг одоо ороод шагналтай асуултуудад хариулж өөрийгөө сорих боломжтой.

Бодит байдал дээр та биднийг ажил сонгоход дараах нэмэлт 3 нөхцөл биднийг нууцхан шаналгаж байдаг.

  • Бид материаллаг хэрэгцээгээ хангахуйц цалинтай байгаад зогсохгүй бусад хүмүүсыг гайхшруулж, тодорхой сэтгэгдэл төрүүлэх хэмжээний их цалинтай ажилтай байх нь чухал. Тэдгээр сэтгэгдэл төрүүлмээр байгаа хүмүүс дотор бидний дургүй хүмүүс хүртэл байж байдаг.
  • Бид бусдын шийдвэр болон үйлдлээс аль болох хараат бус байдлыг олгох тийм л ажлыг хайсаар байдаг. Энэ нь сэтгэлийн гүндээ бид бусдаас айж, үл итгэх байдалтай байдагтай холбоотой.
  • Бид өөрсдийгөө олонд танигдсан, хүмүүсээр хүндлүүлэхүйц, нэр алдартай болгохуйц ажлыг эрэлхийлж байдаг. Үүний учир нь бид (бага балчир үедээ мэдэрсэн шиг) үл ойшоогдсон, өчүүхэн байдлыг дахин мэдрэхийг хүсдэггүй.

Энэ 3 нөхцөл нь бидний карьер, ажлын байрны тогтвор суурьшилтай байдалд ихээр сөргөөр нөлөөлдөг гэдгийг дурдах нь илүүц бизээ. Бид дотоод мөн чанартаа нийцсэн, бүх цагаа зарцуулсан ч дуртай хийгээд л байх тийм ажил хиймээр байвч гадаад ертөнцийн (нийгмийн) шаардлагад тааруулан ажлаа сонгодог. Олон хүн бага насандаа цэцэрлэгийн багш, сэтгэл судлаач, мужаан эсвэл тогооч болно гэж мөрөөддөг боловч бодит байдал дээр бусдад сэтгэгдэл төрүүлэх, бусдыг удирдах, олонд танигдах хүсэл нь бидний сонголтыг (бид өөрсдөө мэдэхээс ч өмнө) хязгаарлачихдаг.

Дургүй ажлаа өөрийгөө хүчлэн барин хийх, зүгээр хийгээд зогсохгүй түүндээ гавшгай байх, өөрийн болон эргэн тойрныхоо эрүүл мэндийг эрсдэлд оруулаад ч болтугай “гайхалтай карьер”-тай байхыг хичээх нь хүний сэтгэл зүйн нэг төлөв байдал болсон байна. Бид цаг ямагт паникын байдалтай байдаг. Учир нь амжилт гаргаагүй гэж харагдснаар бүхнээ алдана л гэсэн үг.

🌍 IELTS Reading тактик хөтөлбөрийн эхний элсэлт эхэллээ. Яг одоо энд дарж бүртгүүлээрэй.

Хүмүүсд бидний талаар өчүүхэн төдий сөрөг дүгнэлт хийх гэдэг бол аймшигтай, өнгөрсөн жилийн асар том орлогоос ялимгүй бага мөнгө олсон байх нь үүрдийн азгүй хувь тавилан мэт санагдах. Ийм байнгын шахалт дор бид буруу шийдвэр гаргаж, ажлаа аргалах гэж оролдон, амархан мэт боловч эрсдэл өндөртэй зам руу өөрсдийгөө түлхсээр байдаг. Алдаа гаргах гэдэг нь аймшигтай үр дагавартай гэж боддогоос үүдсэн энэхүү мөнхийн айдас нь эргээд биднийг минут ч болов амс хийж, өөрийн дотоод мөн чанарыг ойлгож, илүү бүтээлч байх боломжийг боомилдог.

Тэгвэл биднийг зөв шийдвэр гаргаж, өөрт тохирсон ажил мэргэжлээ сонгох чадварт суралцуулдаг зүйл нь “хайр” байдаг. Энэ хариулт өнгөн дээрээ ажил мэргэжил сонгохтой огт хамааралгүй мэт боловч бүхний суурь нь байдаг. Хүн хүүхэд байхдаа, цаашлаад том хүн болсон хойноо ч гэсэн хайрыг хэр гүн мэдэрч чадсан эсэх нь бидний дотоод хүн хэрхэн төлөвшихтэй шууд хамааралтай.

Хайрыг зөв мэдэрч, ойлгож чадсан хүүхэд бусдад өөрийгөө батлах, сэтгэгдэл төрүүлэх, бусдын үнэлэмжээр амьдрах хэрэггүй байдаг. Жинхэнэ хайраар бойжиж өссөн хүүхэд сургууль дээрээ юм бүхний эхэнд байх албагүй (мэдээж хүүхэд сурлагаараа тэргүүлж болно гэхдээ тэргүүлэх болсон шалтгаан нь тэр өөрөө л хүссэн, энэ нь түүнд таалагдсан болохоор л тэр.

Харин аав ээждээ улам илүү таалагдах гэж биш, тэдний нэр хүндийг өсгөх гэж ч биш), ээж аав нь хүүхдийнхээ амжилтыг найз нөхөддөө гайхуулж өөрсдийн хэврэг үнэлэмжийг дахин дахин цавуудах шаардлагагүй гэдгийг ойлгодог.

Тэр энэ хорвоо дээр ямар нэг тохиолоор аав ээжийн хүү/охин болоод ирсэн нь л онцгой хэрэг, түүний ямар ч нөхцөлгүйгээр хайрлагдах шалтгаан. Түүнээс биш математикийн хичээлдээ онц дүн авах, олимпиадад түрүүлэх, мундаг компаний захирал болохдоо биш.
Ийм хүүхэд ч гэсэн хийж буй зүйлдээ дуртай байж бүх анхаарлаа төвлөрүүлж, бүр бусдаас илүү амжилт гаргах нь түгээмэл. Учир нь гэвэл тэд өөрсдөө л үүнийг хүссэн болохоор тэр, харин бусдын алга ташилт, магтаал үүний гол шалтгаан нь биш юм.

Нас бие гүйцэж, том хүн болсон хойно ч гэсэн хайр бидний амьралд маш хүндтэй орон зай эзэлнэ. Намайг хайрладаг хүмүүс энэ дэлхий дээр байгаа, тэд миний алдаа эндэлийг тэвчиж, бидний төлөө санаа зовж байдгийг мэдрэх нь бид энэ дэлхий дээр өөрийн хөл дээр бат зогсох боломжийг олгож байдаг. Хүн бүр биднийг таних албагүй, сарын эцэст дансанд хэдэн төгрөг байх хамаагүй. Хайр байхад цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр тэврэлдээд унтсан ч даарахгүй гэж D.H.Lawrence бичсэн байдаг.

Үүнийг шууд утгаар бүү ойлгоорой. Материаллаг хэрэгцээ хэдий амьдралд чухал байр суурь эзлэх ч гэсэн хайрын хажууд ямар өчүүхэн бэ гэдгийг л хэлэх гэснийг анхаарууштай. Тэгэхээр эрх мэдэл, эд хөрөнгө, нэр алдарын хойноос амиа тавин хөөцөлдөх зарим хүмүүсийг бид шунал нь ихэджээ, шуналдаа баригдсан гэж ярьдаг ч үнэн хэрэг дээрээ тэдний үйл хөдлөл нь шунал бус харин хайрыг үнэнээр, нөхцөлгүйгээр, гүн мэдэрч чадаагүй сэтгэл цаана нь байж болох нь.

Адилхан хүний хувьд энэ хайрлагдаж чадаагүй сэтгэл ямар хэцүү болохыг та бас ойлгохыг хичээгээрэй.

Тэд хэдий ялагч шиг харагдах боловч үнэн хэрэгтээ хохирогчид юм шүү дээ. Орчин үеийн завгүй нааш цааш холхисон, ажил амжуулсан эрх мэдэл, нэр алдарын араас явагчдын энэхүү байдал нь өөрийн “байгааг” ямар нэг байдлаар л мэдэгдэж байхгүй бол хэн ч бишээрээ мартагдаад үлдэх вий, хэнд ч чухал биш нэгэн болж хувирах вий гэсэн айдсаас үүдэлтэй.

Хайрлагдаж чадаагүй шархаа нөхөх гэсэн сэтгэлээс үүдэлтэй. Байгаа маань хангалтгүй учраас хийсэн зүйлээрээ, олсон амжилтаараа байгаа гэдгээ бататгах, хүлээн зөвшөөрөгдөх гэсэн сэтгэлийн хохирогчид. Хайр байгаагүй тэр хоосон орон зайг хир их мөнгөөр дүүргэх вэ? Хайр байсан нэгэн бага мөнгөтэй ч ямар их аз жаргалтай амьдарч чадаа вэ?

Тиймээс шархадсан сэтгэлээ ажил мэргэжил болон ололт амжилтаараа засах гэсэн бидний үйлдэл бараг л байгалийн өгөгдөл мэт болсон.

Ихэнх тохиолдолд бид юу рүү тэмүүлээд байгаагаа мэддэггүй. Тэгвэл бид өөрсдөөсөө ингэж асуух зоригтой байх ёстой. Хэрэв би бага наснаасаа хайрыг зөв мэдэрч, хайрлуулж чадсан бол миний амьдрал ямар байх байсан бол?

Зарим боломжит сонголтуудаа эргэн харахад, хүүхэд байхаасаа л байгаагаа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тэмцэж (тэмцэх бус өгөгдөх ёстой байсан) ирэхдээ өөрийн олон олон сонирхол, амбицаа золиосонд гаргаж ирсэнээ бодоход харамсаад барахгүй болов уу?
Карьер хэзээ ч хайрын дутагдлыг нөхөж чадахгүй. Ямар ч бахдам карьертай байлаа гээд хүүхэд насанд хайрлагдаж чадаагүй тэр шаналалыг хэзээ ч нөхөж барашгүй.

Тиймээс бид ажлаа байгаагаар нь хүлээн авч, харин амьдралынхаа өөр тал дээр дутуугаа нөхөж, залруулга хийж амьдрах хэрэгтэй юм.

error: Энэхүү контент хамгаалагдсан!