TomYo-ийн вэб сайтын “Блог” нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжлийн талаар өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр боловсролын блоггэр болохыг хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.
Сайн байна уу? Герман улсын Aachen хотод суралцдаг TomYo аппын ментор Э.Номин болон Karlsruhe хотод суралцдаг ментор Э.Маргад-Эрдэнэ нар байна. Хэрэв та биднээс Герман улсад сурахтай холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл TomYo аппын Герман улсын ментор дотроос биднийг олоорой.
Бид хоёр хамтран энэ удаагийн блогоор Германд сурахаар зэхэж буй залуустаа зориулж тус улсад ирэхийн өмнөх болон дараа зайлшгүй хийх шаардлагатай 11 зүйлийг хүргэхээр шийдлээ. Тиймээс гол агуулгадаа орцгооё.
Technozone компаниас Самсунг брендийн гар утас аваад TomYo аппын 1-3 сарын эрхийг бэлгэнд аваарай.

Германд ирэхээс өмнө зайлшгүй хийх шаардлагатай зүйлс
1. Байрлах байр
Юуны өмнө Германд очоод аль хотод суралцахаа шийдсэний дараа тулгардаг асуудал бол байр олох явдал юм. Тухайлбал үүнд хэд хэдэн байрны сонголтууд байдаг.
- Оюутны байр: Их сургуулийнхаа харьяа Studentenwerk-ийн вэбсайт руу ороод оюутны байрандаа бүртгүүлэх хэрэгтэй. Үүнийг суралцаж эхлэхээс аль болох эрт хөөцөлдөх нь чухал. Учир нь Германд их сургуулийн дотуур байрууд нь бүх оюутнуудад хүрэлцэхүйц биш бөгөөд байрны тоо хязгаартай. Зарим тохиолдолд 2-3 семестр хүлээнэ. Мөн Studentenwerk-ийн вэбсайтаас бусад төрлийн байр хайх боломжтой холбоосуудыг олох боломжтой байдаг.
- Wohngemeinschaft (WG): Хамтран түрээслэх байр буюу өөрийн өрөөнөөс гадна гал тогоо, нойлын өрөөгөө нийтээрээ ашигладаг. Эдгээр төрлийн байрыг www.wg-gesucht.de, www.wg-suche.de, www.ebay-kleinanzeigen.de эдгээр вэбсайтаас олох боломжтой. Эсвэл Facebook дээр амьдрах хотын зарын грүппээс мэдээлэл авах нь илүү амар ч байж болох юм.
- Jugendherberge: Залуучуудад зориулсан өртөг багатай hostel олж болно.
- Түрээсийн байр: Энэ нь энгийн түрээсийн байр бөгөөд бусад байруудыг бодоход өртөг өндөртэй байдаг.
Жич: Хэрэв та түр хугацаагаар байрлах байр хайж байгаа эсвэл ирээд хэр удахаа мэдэхгүй байгаа бол Untermiete хийж болно. Энэ нь үндсэн түрээслэгч нь богино хугацаанд өөрийн байрыг түр түрээсэлдэг бөгөөд түр болон яаралтай байр хайж байгаа хүмүүст илүү тохиромжтой. Германд байр/өрөө түрээслэхэд байрны төлбөр, цахилгаан/дулааны төлбөрөөс гадна Kaution буюу барьцаа мөнгө өгдөг. (анх орохдоо) Энэ нь ихэвчлэн 2 сарын түрээсийн төлбөртэй тэнцэнэ. Илүү дэлгэрэнгүйг та бүхэнд дараа дараагийн блогоор хүргэх болно.

2. Тээвэр
Германд дөнгөж ирсний дараа хэрхэн яаж зорьсон хот руугаа явах вэ гэдгээ ойлгохгүй байх нь элбэг. Иймд Герман явахаасаа өмнө энэ талаар сайн судалж эртлэн тасалбараа авах нь хамгаас зөв. Учир нь таны зорчих өдөр ойртох тусам тасалбарын үнэ нэмэгдсээр байдаг. Германд нийтийн тээвэр маш сайн хөгжсөн бөгөөд өөрт тохирсон байдлаар зорчих нь мөнгө болон цагаа хэмнэх давуу талтай. Тиймээс та дараах боломжуудаас сонгож болно.
- FlixBus: Энэхүү хот хоорондын автобус нь хамгийн энгийн бөгөөд хямд өртөгтэй байдаг. Тодруулбал FlixBus нь Герман төдийгүй нийт Европыг холбодог томоохон зорчигч тээврийн компани юм. Автобус нь ихэвчлэн Zentral-Omnibus-Bahnhof буюу авто вокзал (манайхаар драгон) эсвэл төв гал тэрэгний буудлаас хөдөлдөг. Зорчих тасалбарт 1 ширхэг ачаа тээшний үнэ багтсан байдаг ба онлайнаар/апп-аар хялбархан захиалах боломжтой. Мөн FlixBus-аас гадна FlixTrain гэж бий. Энэхүү галт тэрэг нь Deutsche Bahn-ий галт тэрэгнээс хавьгүй хямд үнэ санал болгодгоороо онцлогтой.
- Галт тэрэг: Галт тэрэг нь Германчуудын хамгийн өргөн хэрэглэдэг унаануудын нэгд тооцогддог. Муж, орон нутаг эсвэл хот хоорондын гэсэн чиглэлүүд бий. Үүн дотроо энгийн болон экспресс галт тэрэг гэж ялгах ба үнэ нь харилцан адилгүй байдаг. Тасалбарыг онлайнаар эсвэл гал тэрэгний буудлын автомат машинаас авах боломжтой ба автомат машинаас авсан тохиолдолд орохоосоо өмнө тамгалуулахаа бүү мартаарай.
- Blablacar (хот хоорондын унаа): Энэ нь хүмүүс өөрийн машинаараа хот хооронд зорчих үедээ зорчигч дайж авч явах явдал юм. Яг л Uber шиг. Гэхдээ хот хоорондын тээврийн апп гэж ойлгож болно. Уулзах газар, зорчигчийн тоо, ачаа тээшний овор хэмжээ болон зорчих үнийг жолооч өөрөө шийддэг учраас жолоочтойгоо сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй. Заримдаа таны очих хаяг руу шууд хүргэж өгөх ч тохиолдол байдаг. Үүнээс гадна Blablabus гэж байдаг бөгөөд хамгийн хямд үнийг санал болгодог хот хоорондын автобус юм. FlixBus-тай харьцуулахад арай хямд болов ч зөвхөн томоохон хотуудыг холбодог. Мөн явах чиглэл хязгаартай.

Германд ирсний дараа зайлшгүй хийх хэрэгтэй зүйлүүд
1. Оршин суух хаягаа бүртгүүлэх
Та өөрийн байрлах байрандаа орсны дараа 14 хоногийн дотор оршин суух хаягаа тухайн дүүргийн иргэдийн бүртгэлийн албанд очиж бүртгүүлэх шаардлагатай. Үүнд хамгаас хэрэгтэй зүйл бол байрны гэрээ/байр олгогчийн тодорхойлолт. Заасан хугацаанд бүртгүүлж амжаагүй бол нэмэлт төлбөр төлөх болно. Интернэтээс өөрт ойр Bürgeramt эсвэл Einwohnermeldeamt гэж хайгаад цаг авч очиж бүртгүүлээрэй.
Жич: Та анх байр хайхдаа оршин суух хаяг бүртгүүлэх буюу Anmelden хийх боломжтой байр/өрөө эсэхийг заавал асуугаарай. Учир нь зарим байр тэгэх боломжгүй байдаг.
2. Гадаад иргэн харьяатын газарт (Ausländeramt/Ausländerbehörde) бүртгүүлж оршин суугчийн үнэмлэх авах
Та уг бүртгэлийг ирснээс 3 сарын дотор хийх шаардлагатай. Ихэнх тохиолдолд Германы Ausländeramt буюу гадаад иргэдийн бүртгэл хариуцсан алба маш урт очир дугаартай байдаг тул эртнээс холбогдон цаг авахыг зөвлөж байна. Энэ талаар өөрийн харья амьдарч буй хотынхоо вэбсайтаас холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Хот бүр өөрийн албан ёсны вэбсайттай байдаг ба үүнээс ч илүү сонирхолтой мэдээллүүдийг олох боломжтой.
3. Даатгал
Германд ирээд хамгаас чухал амжуулах ажлуудын нэг бол яахын аргагүй эрүүл мэндийн даатгал. Мэдээж хэн бүхэн Германд ирэхээсээ өмнө визэнд орохдоо даатгуулсан байдаг. Хэрэв та ирэхээсээ өмнө Монголын даатгалд хамрагдсан бол ирээд 3 сарын дотор Германы аль нэгэн даатгалаар солиулсан байх шаардлагатай. Учир нь Германы хуульд гадаад дотоодын хэн ч бай заавал эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байхыг шаарддаг. Германд дараах даатгалын хэлбэрүүд бий.
- Хувийн даатгал: Хувийн даатгал нь даатгалын хамрах хүрээнээс шалтгаалан үнийн хувьд хямд тооцогддог. Учир нь зөвхөн гэрээнд тусгагдсан зүйлсийг даатгалаас төлөх боломжтой бөгөөд бусад бүх зардлыг даатгуулагч өөрөө төлөх болно. Давуу тал нь хувийн даатгалын гэрээг онлайнаар хийх боломжтой.
- Улсын даатгал: Улсын даатгал нь таны эрүүл мэндэд тулгарсан бүх асуудлыг хариуцах бөгөөд бүх төлбөрийг даатгалаас төлдөг. Түүнчлэн таны эмчилгээнд шаардлагатай эм тарианы үнийг даатгалаас хөнгөлж өгдөг давуу талтай. Хувийн даатгалыг бодоход харьцангуй өндөр үнэтэй байдаг ба заавал тухайн даатгалын өөрт ойрхон салбар дээр очиж гэрээ хийх шаардлагатай. Ихэнх тохиолдолд оюутнуудыг улсын даатгалд хамрагдахыг шаарддаг.

3. Rundfunkbeitrag бүртгүүлэх болон төлөх
Rundfunkbeitrag буюу радио телевизийн холболт болон түүний төлбөр нь бүх айл өрх бүр радио телевиз ашигладаг эсэхээс үл хамааран төлөх төлбөрүүдийн нэг. Энэ төлбөр нь таныг оршин суух хаягаа бүртгүүлсний дараа шууд төлбөр бодогдож эхэлдэг ба шуудангаар төд удалгүй мэдэгдэх болно. Харин та цааргалалгүй заавал төлөөрэй. Учир нь төлөхгүй удаасан хүний дансыг хаах цаашлаад хорих хүртэл шийтгэл оноодог. Хэрвээ та хамтран байр түрээсэлдэг бол бусад түрээслэгчтэй хувааж төлөх боломжтой. Учир нь уг төлбөрийг хүн тус бүрээс бус өрх бүрээс авдаг бөгөөд тэдгээр хүмүүстэй хамт амьдарч, хамтран төлдөг гэдгээ мэдэгдэхээ бүү мартаарай.
4. Данс нээлгэх
Германд ирээд өөрийн гэсэн зайлшгүй нэг хувийн данстай байх нь чухал. Учир нь өмнө дурдсан байрны төлбөр, даатгал гэх зэргийг сар бүр өөрийн данснаасаа автоматаар төлөх ба сарын хэрэглээгээ хянахад тустай. Маш олон банкны төрөл бүрийн данснуудаас сонгох боломжтой ба оюутан залууст зориулсан (junges Konto) нь данс ашигласны болон данс хөтөлсний төлбөргүйгээрээ давуу талтай. Ингэхийн тулд та оюутны тодорхойлолтоо үзүүлэх хэрэгтэй.
Technozone компаниас Самсунг брендийн гар утас аваад TomYo аппын 1-3 сарын эрхийг бэлгэнд аваарай.

5. Дугаар худалдан авах
Германд О2, Vodafone, 1&1, Telekom гэх зэрэг томоохон үүрэн телефоны операторууд бий. Та үүнээс өөрийн хэрэглээнд таарсан дата, ярианы багцтай дугаарыг сонгох боломжтой. Мөн Aldi, Lidl гэх сүлжээ дэлгүүрүүд харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг. Мөн бусад операторуудыг бодоход хямд тооцогддог. Дугаар авахдаа онлайнаар авсан тохиолдолд та өөрийн биеэр аль нэг салбар дээр хувийн бичиг баримтаа үзүүлж баталгаажуулсны дараа дугаар тань идэвхжинэ. Өөрийн биеэр салбар дээрээс авсан тохиолдолд шууд баталгаажуулан дугаараа авах боломжтой. Хэрэв та оператораа солихыг хүссэн тохиолдолд Германы үүрэн телефоны операторууд Монгол дахь операторуудтай харьцуулахад дугаараа авч үлдэх боломжийг олгодгоороо онцлогтой.
6. Нийтийн тээвэр
Амьдрах хотдоо анх ирээд хэрхэн нийтийн тээврээр зорчих талаар ойлгохгүй эхэндээ будилах нь бий. Германд Монголтой адилгүй маш олон төрлийн нийтийн тээврүүд байдаг. Жишээлбэл трамвай (Tram), метро (U-Bahn, S-Вahn), автобус гэх мэт. Энэ нь хот дотор, хот хооронд, жижиг хот уу, том хот уу гэдгээс шалтгаалан янз бүр байдаг. Үүнд танд туслах хамгийн өргөн ашиглагддаг апп нь Deutsche Bahn-ийн апп (DB Navigator) бөгөөд аль ч хотын аль ч буудлаас холбоос хайх боломжтой. Тэр тусмаа Deutsche Bahn-ийн хот хоорондын галт тэрэгний хуваарийг хоцрогдол, минут, секундээр маш сайн гаргаж өгдөг. Ихэнх тохиолдолд хот болгон өөрийн нийтийн тээврийн апп-тай байдаг. Жишээ нь Аахен хотод ACC-Connect, Берлин хотод BVG Fahrinfo Berlin аппуудыг тус тус ашигладаг. Үүнийг DB Navigator-тай цуг ашигласан нь илүү тохиромжтой. Учир нь Deutsche Bahn-ийн апп жижиг хотуудын тээврийг зарим тохиолдолд алдаатай гаргах хандлагатай байдаг.

7. Тээврийн тасалбар худалдан авах
Германд тээврийн тасалбар амьдарч буй хот, мужаасаа хамаараад сурагчийн, оюутны, сарын, жилийн, өдрийн, шөнийн, 4 удаагийн гэх мэт маш олон төрлөөр байдаг. Монголтой харьцуулахад тасалбар шалгагч нар үе үе орж ирж шалгадаг. Тасалбар авахгүйгээр зорчсон тохиолдолд 50-100 Еврогийн торгуультай байдаг тул заавал тасалбар аваарай. Харин оюутнууд оюутны тасалбартай тохиолдолд бүхэл семестрийн турш тухайн суралцдаг мужийнхаа хүрээнд үнэгүй зорчих эрхтэй болдог.
8. Ebay-kleinanzeige
Оюутан бидний хувьд шинэ байрандаа орсны дараа тавилга авч тохижно гэдэг хүндхэн асуудлуудын нэг. Иймд Германд хүмүүс өөрсдийн эд зүйлсээ хямд үнэтэй солилцох, зарах платформ бий. Тэрийг нь ebay-kleinanzeige гэдэг. Үүнээс та өөрт хэрэгтэй сандал, ширээ, орноос эхлүүлээд гал тогооны хэрэгсэл, дугуй, цахилгаан хэрэгсэл, хивс хүртэлх бүх зүйлийг хямд үнэтэй олж болно. Магадгүй зарим тохиолдолд үнэгүй ч олдох нь бий.
Зөвлөгөө авах боломжтой мэйл хаяг
- margadaass@gmail.com
- enomin29@gmail.com
Танд хэрэг болохуйц вэбсайтууд:
- https://blablacar.de/
- https://www.aok.de/ – улсын даатгал
- https://www.tk.de/ – улсын даатгал
- https://www.care-concept.de/ – хувийн даатгал
- https://www.rundfunkbeitrag.de/
- https://www.ebay-kleinanzeigen.de/
- https://www.alditalk.de/
- https://www.lidl.de/de/lidl-connect/s7373597
- https://www.vodafone.de/
- https://www.o2online.de/