Б.Нямсүрэн: Италид тэтгэлэгтэй сурах боломж олон байна

Хойч үеийн залуустаа Дэлхийн шилдэг боловсролоос сурах боломж олгох зорилготой “Би Монгол оюутан” цувралаараа Итали улсын №1, Дэлхийн хамгийн эртний их сургууль болох University of Bologna-ын оюутан Б.Нямсүрэнгийн туршлагаас хуваалцахаар шийдлээ.


Анх яагаад Итали улсыг сонгон суралцах болсон бэ?

Би ахлах сургуульд байхдаа АНУ-руу сурагч солилцооны хөтөлбөрөөр 1 жил суралцсанаас хойш бакалаврын зэргээ гадаадад дүүргэх талаар бодож эхэлсэн. Тиймдээ ч төгссөнийхөө дараа завсар жил авч, АНУ-ын их сургуулиуд руу өргөдлөө явуулж үзсэн. Гэхдээ хангалттай тэтгэлэг авч чадаагүй болохоор суралцахаа түр хойшлуулсан. Тухайн үед ШУТИС-д график дизайнераар 1 жил суралцаж байлаа. Харин үүнийхээ хажуугаар судлагаа хийсний үндсэн дээр заавал АНУ биш Европ тэр дундаа Италийн их сургуулиудын 3 жилийн бакалаврын хөтөлбөрүүд нь их таалагдсан. Түүний дараагаар холбогдох бүх бичиг баримт, шалгалтуудаа өгч тэнцсэн дээ.

Италийн их сургуулиудын элсэлтийн үйл явцыг товч тайлбарлавал

Манай сургуулийн элсэлтийн үйл явц харьцангуй энгийн байсан. Тухайлбал 2-р сард шалгалтын оноонууд болон өргөдлөө явуулаад 2-3 сарын дараа нь хариугаа хүлээн авдаг. Харин зарим сургуулиуд цахим өргөдлөөс гадна тухайн сургуулийн элсэлтийн шалгалтыг 9-р сард нэмэлтээр авч, эцсийн хариу нь 2-3 долоо хоногийн дараа гардаг гэж сонссон.

Минагийн хувьд өглөө хэдэн цагт босдог вэ? Мөн өглөөний цайндаа ихэвчлэн юу иддэг вэ?

Өглөө 7-9 цагийн хооронд босоод хамгийн түрүүнд кофегоо чанадаг. Тэгээд бага зэрэг дасгал хийж байгаад хичээлдээ ордог. Харин эхний лекц өглөө 8 цагаас эхэлдэг тул кофе өглөөний хэмнэлийн салшгүй нэг хэсэг гэж хэлж болно. Миний хувьд ихэвчлэн карсонт буюу нарийн боов болон кофе хэрэглэдэг.

Тэгвэл одоо өөрийн сурдаг их сургуулийн талаар танилцуулаач? Анх ороход ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Манай сургууль 1080 онд үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд Дэлхийн хамгийн эртний их сургууль гэдгээрээ алдартай. Тиймдээ ч анх ирэхэд оюутны хотхоны барилгууд нь нэлээн эртнийх болохоор сүрдмээр санагдаж байсан. Бусад сургуулиудыг бодвол нэгдсэн кампус дээр төвлөрсөн биш хотынхоо энд тэнд байрлалтай байдаг. Харин үүнийгээ дагаад хичээлийн байр болгон өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг юм шиг санагддаг. 

Анх очоод ямар асуудлууд тулгарч байсан бэ?

Ихэнх хүн энд жуучлалын байгууллагын тусламжтай ирдэг. Миний хувьд би өөрөө бүх мэдээллээ олж явсан учраас их сургуульдаа ирэхэд юу хэрэгтэй талаар мэдээлэл дутмаг байсан гэж хэлж болно. Уг нь сургуулийн сайтад Итали хэл сурах шаардлагагүй гэж бичсэн байсан ч яг үнэндээ Итали хэлгүй бол амьдрахад их хэцүү санагдсан. 

Ялангуяа анх ирээд түр оршин суух визны бичиг баримт бүрдүүлэх шаардлага гардаг юм байна лээ. Тухайн бичиг баримт нь зөвхөн Итали хэл дээр бичигдсэн байдаг тул яалтачгүй Итали хэлний мэдлэг шаардагдсан. Мөн Итали хүмүүсийн Англи хэлний дуудлага нь нэлээн хатуу байдаг тул эхэндээ лекцүүдээ ойлгоход хүндрэлтэй байсан.

Одоо сургуулийнхаа орчин болон уур амьсгалын талаар сонирхуулбал? Олон улсын оюутан хэр их байдаг вэ?

Манай сургууль оюутнуудынхаа дунд нэлээдгүй үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Тиймдээ ч сургуулийн хаалгаар ормогц л хаа сайгүй оюутнууд багаараа нийлж ямар нэгэн үйл ажиллагаа хийж байгааг харж болно. Мэдээж олон улсын оюутнууд их байгаа. Би сургуулийнхаа олон улсын програмд суралцдаг тул олон улсын оюутнуудтай ихэвчлэн харилцдаг. Мөн манай сургуулиас Европын холбооны улсуудтай хамтран оюутан солилцооны хөтөлбөр зарладаг болохоор Европ хүүхдүүд их бий.

University of Bologna-н номын сангийн талаар манай уншигчдад сонирхуулбал

University of Bologna нь маш олон номын сантай. Тус бүрдээ л өөрсдийн гэсэн онцлогтойгоос гадна чамин загвар, сүрдмээр эртний барилгуудаараа нийтлэг байдаг. Ер нь Итали улс их чамин улс юм шиг санагдсан. Хамгийн сүүлийн үеийн компьютер бүхий номын сан нь хүртэл эртний уран зургуудаар дүүрэн байдаг шүү.

Их сургуулийн үнэлгээний систем болон лекцүүд нь ямархуу байдлаар ордог вэ? Монголоос хэр өөр байдаг бол?

Италийн их сургуулиудын үнэлгээний систем болон лекц орох байдал нь бусад улсуудаас ялгаатай. Тухайлбал семинар гэж огт байдаггүй бөгөөд зөвхөн 2-3 цагийн урттай лекцүүд ордог. Үнэлгээний системийн хувьд нийт 30 онооноос дүгнэж дүнгээ гаргадаг. Мөн семинар гэж байдаггүй учраас оюутны идэвх, ирцийн оноо гэж нэмдэггүй. Хичээлийн явцад ч багш нар бие даалт гэж өгдөггүй учраас дүнгүүд ихэвчлэн семестрийн эцсийн шалгалтын дүнгээр гардаг.

Оюутнууд хичээлийнхээ хажуугаар ажил хийх боломж хэр их байдаг вэ?

Сургуулиас 7 хоногт 20 цаг ажиллах эрх өгдөг. Гэхдээ оюутнуудад ихэвчлэн үйлчилгээний ажлууд олддог тул Итали хэлгүй бол ажил хийх боломжгүй. Харин хөдөлмөрийн хөлсний хувьд ямар ажил хийж байгаагаасаа хамаараад нэг өдрийн ойролцоогоор 50 евро байдаг.

Тэтгэлгийн тухайд хэр их зарлагддаг вэ?

Италийн их сургуулиудын дунд зарлагдаж буй тэтгэлгийг дотор нь 2 ангилдаг. Миний авсан тэтгэлэг нь мужийн тэтгэлэг бөгөөд энэ нь Италийн бүх мужид зарлагддаг тул аль ч сургуульд хамаарагдана. Гэхдээ зөвхөн улсын сургуульд хамаарах бөгөөд хувийн их сургуулиудад мужын тэтгэлэг олгогддоггүй. Тавигдах шаардлагын тухайд сургуульдаа тэнцсэн бол өрхийн орлогыг батлах бичиг баримтуудаа явуулна. Хэрэв жилийн 23,000 еврогоос бага орлоготой бол тэтгэлэгт хамрагдах боломжтой болдог. Уг тэтгэлэг нь жилийн хугацаатай байдаг бөгөөд дараа дараагийн жилдээ хамрагдахын тулд хичээлийн кредитээ гүйцээсэн байх шаардлагатай.

Итали улсад суралцах амьжиргааны зардлын хувьд хэр байдаг вэ?

Миний хувьд сардаа 500-600 евро зарцуулдаг. Гэхдээ ажиглаад байхад хүн болгоны сарын зардал түрээсэлж буй байрнаасаа шалтгаалаад өөр байдаг юм байна лээ. Учир нь Bologna хотод олон оюутнууд байдаг тул байр хомс, өндөр үнэтэй байдаг.

Би байранд сардаа 300 евро төлдөг. Үүн дээр ус болон цахилгааны төлбөр нэмэгдээд сарын 360 орчим еврог зарцуулдаг. Сарын хоолны мөнгөний тухайд хүн хүнээс шалтгаалж өөр байдаг байх. Миний хувьд хоолондоо тийм ч их мөнгө зарцуулдаггүй тул сарын 150 орчим евро болдог. Хэрэв гадуур хооллоно гэвэл нэг хоол дунджаар 10-15 евро болно.

(Амьдардаг байр)
Италид сурахын давуу талын талаар дурдвал?

Мэдээж сургалтын төлбөрийн хувьд тэтгэлэг сайн авах боломжтой. Мөн Европоор хямд зардлаар аялах боломж их байдгаас гадна хувь хүний хувьд нэлээн нээлттэй болдог юм шиг санагддаг шүү. Түүнчлэн Итали хувцас, дизайн, урлагийн чиглэлээрээ алдартай тул тус чиглэлийн мэргэжилтэн болох сонирхолтой залуус ирж сурвал давуу тал болно.

Тэгвэл сул талын хувьд?

Сая дурдсанчлан их сургуульд семинар ордоггүй зөвхөн лекц ордог учраас оюутнууд практик талын мэдлэггүй туршлагагүй муутай төгсдөг.

Эцэст нь гадаадад сурах сонирхолтой залуустаа хандаж хэлэхэд?

Гадаад руу явах гэж байна гээд ямар ч хамаагүй мэргэжил сонгож болохгүй. Ямар мэргэжлээр ямар улсад сурах вэ гэдэг асуултыг өөрөөсөө эртнээс асууж сайтар төлөвлөсний дараа шийдвэрээ гаргах нь маш чухал. Мөн Европт сурах гэж төлөвлөж байгаа бол эртнээс өөрийн сурах арга барилыг олсон байх хэрэгтэй юм байна лээ.


Хятад улсад сурахад шаардлагатай бүх төрлийн хичээл, ментор, их сургууль, тэтгэлгийн мэдээлэл TomYo апп дээр орлоо.

error: Энэхүү контент хамгаалагдсан!