Г.Цэцэн: АНУ-аас илүүтэй Канад улс суралцахад тохиромжтой, аюулгүй санагдсан

Гадаадад сурах чин хүсэл эрмэлзэлтэй залуустаа зориулж тухайн орных нь амьжиргааны зардлаас топ сургуулиуд нь тэнцэх хүртэл үнэт мэдээллийн багцыг хүргэдэг “Би Монгол оюутан” булангийн шинэ дугаар орлоо. Энэ удаагийн нийтлэлээрээ Канад улсын №1 их сургууль болох University of Toronto-ын оюутан Г.Цэцэнгийн туршлагаас хуваалцав.

“Цэцэн нь өнгөрсөн жил Ulaanbaatar Empathy school-ийг төгссөн бөгөөд одоогоор University of Toronto-д олон улсын харилцаа, хот төлөвлөлтөөр сурдаг билээ”

Таны хувьд анх яагаад Канад улсыг сонгож суралцахаар шийдсэн бэ? Ахлах сургуульд байхдаа ямар бодол, төсөөлөлтэй хүүхэд байв?

Анх гадаадад сурах нь надад боломжгүй, чадахгүй мэт санагддаг байлаа. Гэхдээ хүн л юм чинь сайн хичээгээд үзэх хэрэгтэй гэдгийг мэдээд нэлээн бодсоны эцэст 10-р ангиасаа гадаадад сурахаар шийдсэн юм.

Түүний дараагаар 11-р ангиасаа IELTS-д сайтар бэлдэж, АНУ-д суралцана, University of Stanford гэх мэт томоохон сургуулиуд руу өргөдлөө явуулна гэж боддог байв. Гэхдээ гэр бүлийнхэн маань надад АНУ-аас илүүтэй Канад улс аюулгүй суралцахад тохиромжтой гэж зөвлөснөөр тус улсын сургуулиудыг эрчимтэй судалж эхэлсэн юм. Мөн хичээсний үр дүнд IELTS-ийн 7 оноо авч, өргөдөл дээрээ 2 сар ажилласны эцэст The University of British Columbia болон University of Toronto-гын урилга ирж тэнцсэнээ мэдсэн дээ.

Мэргэжлийн тухайд яагаад заавал энэ мэргэжлийг сонгож сурах болов?

Миний хувьд багаасаа л дипломатч болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Тэр ч утгаараа олон улсын харилцааг сонгож суралцаж байгаа. Мөн University of Toronto-д давхар мэргэжлээр сурч болно гэдгийг мэдээд хот төлөвлөлтийг сонгосон. Учир нь энэ хоёр мэргэжил ирээдүйд их уялдах юм шиг санагддаг.

Анх Канад улсад сурахаар зорьж байхад ямар асуудлууд тулгарч байв?

Би Монголд ахлах сургуульд сурч байхдаа 8-12-р анги хүртлээ дотуур байранд байсан болохоор харьцангуй бие дааж сурсан. Өөрөөр хэлбэл хувийн ариун цэвэр, цагийн менежмент гээд өөрөөс шалтгаалах зүйлсээ зохицуулах хэмжээнд хүрсэн гэх үү дээ. Тийм болохоор хэцүү хүнд асуудлууд гарах нь гайгүй. Гэхдээ мэдээж гадаад оронд ирж байгаа болохоор хувийн бэлтгэл муу байсан минь анзаарагдсан.

Жишээлбэл 2-р курс дээ үзэх ёстой хичээлүүдийг дөнгөж ороод сонгосон байх, сургуулийнхаа МУИС-ын СИСИ шиг системийг мэдээгүй явж байсан гээл олон жижиг асуудлууд тулгарсан. Мөн эхний сарын хугацаанд соёлын шокноосоо гарахгүй удсан. Харин одоо бол найз нөхөдтэй болоод дассан байгаа.

Одоо таны оюутан амьдралын хэв маяг талаас ярилцъя. Өглөө ойролцоогоор хэдэд сэрдэг вэ? Мөн өдрийг хэрхэн эхлүүлдэг вэ?

University of Toronto-ын эхний лекц өглөө 9 цагаас ордог. Харин би өглөө 06:50 гэж босоод фитнесстээ явж, шүршүүрт ороод өглөөнийхөө цайгаа уудаг. Миний хувьд сургуулийнхаа оюутны байр буюу кампус дотроо амьдардаг болохоор сургуультайгаа ойр. Мөн ихэвчлэн Мягмар, Пүрэв гаргуудад хичээлээ шахсан байдаг тул бусад үеэрээ найзуудтайгаа гадуур гарч, гаднаас өөрт хэрэгтэй юмаа цуглуулж, номын санд сууж өнгөрөөдөг дөө.

Тэгвэл их сургуулийнхаа талаар манай уншигчдад сонирхуулбал

Манай University of Toronto нь анх 1827 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Канад улсын хамгийн шилдэг их сургууль юм. Дэлхийн топ 20 дотор багтдаг. Мөн нийт гурван кампустай. Миний хувьд St. George-ийн кампуст нь байрладаг. Манай кампус нь 1.32 км квадрат талбайтай бөгөөд хотын төвдөө байрлалтай тул бүх зүйл дээ ойр байдаг нь их таалагддаг. Мөн кампус дотроо спорт цогцолбор, цайны газар гээд бүхий л зүйлс бий.

Оюутнууд өглөөний цайндаа нэгдсэн журмаар ордог уу? Ер нь ихэвчлэн юу иддэг вэ?

Тийм. Оюутнууд үнэмлэхээ үзүүлээд өглөөний цайндаа нэгдсэн журмаар орно. Харин яг тогтсон иддэг зүйл байхгүй. Ихэвчлэн өөрт дуртай зүйлсээ сонгож аягалаад иднэ. Яахав Хойд Америкт байдаг болохоор өглөөний цайнд шарсан төмс, хиам, бэкон, шарсан зайдас, сэндвич гэх мэт зүйл их байдаг.

Нэгэнт дурдсан юм чинь үнэмлэхийн талаар ярихад кампус дотор маш их зүйлд ашиглагддаг. Өөрөөр хэлбэл бараг төлбөрийн карт гэж ойлгож болно. Тухайлбал юм хэвлүүлэх, номын сан ашиглах, хоолны газраар үйлчлүүлэхэд төлбөрийн журмаар хэрэглэж болдог гэдгээрээ онцлогтой.

Их сургуулийнхаа дотоод уур амьсгалын талаар? Хэр их үйл ажиллагаа зохион байгуулагддаг вэ?

Ер нь бусад сургуулийн адил клубуудын үйл ажиллагаа ихээр зохион байгуулагддаг. Манай сургуулийн хувьд маш олон клубтэй. Би яг тоог нь санахгүй байгаа ч өнгөт арьстнуудын клуб, Хятад оюутнуудын клуб гээд зөндөө бий. Манай Монгол оюутнуудын ч клуб байдаг. Дээрээс нь оюутны байранд амьдардаг болохоор заримдаа гаднаас идэх юм авчраад кино үзэж суух, гадуур ресторанд бөөндөө хооллож, тэр хоолных нь тал тооцоог сургууль төлнө гэдэг ч юм уу олон зүйлс зохиогддог.

University of Toronto-ын сургалтын систем ямар вэ? Монголоос хэр өөр байдаг вэ?

Ерөнхийдөө оюутнуудаар асар их эсээ бичүүлдэг бөгөөд маш шахуу системтэй гэж ойлгож болно. Дээрээс нь бусдын оюуны өмчийг их дээдэлдэг гэдгээрээ онцлогтой. Тухайлбал эсээ, бие даалтдаа ямар нэгэн хүний судалгааны ажлын хэсгээс оруулахаар бол номын нэр, хуудас гээд заавал бичих ёстой. Хэрэв бичээгүй хуулсан тохиолдолд оюуны өмчийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж өндөр хариуцлага ноогдуулна.

Хичээлийн хувьд нийт 20 кредит үзэж байж төгсдөг. Оюутан бүр таван салбарын суурь хичээлээс тус бүр нэг кредит үзсэн байх ёстой. Яг монгол шиг. Гэхдээ заавал 1-р курсдээ үзэх албагүй. Мөн дүнгийн хувьд үргэлж өндөр босготой байдаг. Энд 100 авна гэдэг тун хэцүү. Түүнчлэн монгол 70-79 хооронд C гэж дүгнэдэг бол энд B гэдэг. Гэх мэт содон зүйлс бий.

Оюутнуудад бие даалт хэр их өгдөг вэ? Ихэвчлэн юу хийхийг шаардаж байна вэ?

Одоогийн байдлаар би багаар ажиллах даалгавар дааж аваагүй л явна. Гэхдээ энэ нь оюутнуудын сонгосон мэргэжлээс нь хамаарч байгаа. Миний хувьд ихэвчлэн ямар нэгэн шинжлэх ухааны судалгааны ажил, эх уншаад тэр талаар юу гэж бодож байгаа, юу ойлгосон талаараа бичдэг. Ерөнхийдөө 4-8 хуудас буюу 1500-2000 үгтэй эсээ бичих даалгавар өгдөг.

University of Toronto-ын номын сангийн талаар манай уншигчдад сонирхуулбал

Манай сургуулийн хувьд хичээл хийх, даалгавар хийх газруудыг хаа саагүй бүрдүүлсэн байдаг. Одоогоор University of Toronto нь 44 номын сангийн нийт 19.5 сая номын баялагтай гэж үздэг. Хамгийн том нь John P. Robarts-ын номын сан бөгөөд 24 цаг ажилладаг, 14 давхар байгууламж юм. Тухайлбал 4-13 давхар хүртэл оюутнууд багаар ажиллах болон ганцаар суух орчин, зөвхөн докторын түвшний оюутнууд хичээлээ хийх хэсэг гээд хувааж өгсөн байдаг. Харин тус номын санд суухын тулд гишүүнчлэл авах эсвэл University of Toronto-гын оюутан байх шаардлагатай.

Номын сангийнхаа дүүргэлтийн талаар?

Ер нь бусад улсын сургуулиудтай л адил шалгалтын үеэр байр олоход нэлээн хүндрэлтэй байдаг. Ялангуяа Хятад хүүхдүүд оройн цагаар их суудаг. Шөнийн 1-3 хооронд ороход байж л байна. John P. Robarts-ын номын сангаас бусад нь 20:00, 23:00 гээд хаачдаг болохоор ихэвчлэн тус номын сандаа сууж, хичээлээ хийдэг. Учир нь 24 цаг ажиллана. Дээрээс нь нэмээд хэлэхэд дотроо олон үйлчилгээний газруудтай. Бараг том цогцолбор гэж хэлж болно.

Хятад хүүхдүүдийг нэгэнт ярьсных тэднээс авууштай тал нь юу байсан бэ?

Өмнө хэлсэнчлэн University of Toronto-д олон Хятад оюутнууд суралцдаг. Мөн нэг сонирхолтой зүйл нь дандаа хүнд мэргэжлүүдийг сонгосон байдаг. Тухайлбал компьютерын шинжлэх ухаан, инженечлэл, neuroscience, астро физик, математик гэх мэт шинжлэх ухаан талын чиглэлээр мэргэшдэг. Ихэвчлэн шөнийн цагаар хичээлээ хийгээд сууж байдаг. Ер нь тууштай, их хөдөлмөр хүмүүс.

Тэтгэлгийн тухайд хэр их зарлагддаг вэ?

Канад улсын хувьд тэтгэлгээрээ төдийлөн алдартай биш. Тухайлбал бүх түвшинд тэтгэлэгт хөтөлбөр бага зарлагддаг. Манай сургуулийн хувьд жил бүр The Lester B.Pearson International Scholarship-ээр олон улсын 30-40 залууст 100 хувийн тэтгэлэг өгдөг. Гэхдээ маш өндөр шалгууртай. Хэрэв Канадад сурах сонирхолтой залуус байвал энэ тэтгэлгийн талаар сонирхож үзээрэй гэж зөвлөе.

Монгол оюутнуудтайгаа хэр их таардаг вэ?

University of Toronto-ын нийт оюутнуудын 30-40 гаруй хувь нь Хятад, Энэтхэг гаралтай хүмүүс байдаг. Харин Монгол оюутнуудтай их таардаг. Би бүр хичээлийнхээ хамгийн эхний лекцэнд нэг Монгол найзтай болж байлаа. Одоо заримдаа хичээлийнхээ талаар ярилцаж суудаг даа.

Одоо хоёулаа илүү амьдрахад ямар байдаг талаас нь ярилцъя. Ер нь Канад амьдрахад хэр тохиромжтой улс вэ? Мөн амьжиргааны зардлын хувьд?

Сурч, амьдрах орчны тухайд бол маш тохиромжтой улс. Тухайлбал хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах бүх нөхцөлөөр нь хангасан гэж ойлгож болно. Харин амьжиргааны зардал өндөртэй. Миний хувьд оюутны байрандаа жилийн 12,070 ка.доллар төлдөг. (24 сая төгрөг) Үүнд хоол багтсан. Гэхдээ хоол нь дотроо 180, 360 удаа болон хязгааргүй орох эрх гэсэн сонголттой. Би хязгааргүй орох эрхийг нь сонгосон болохоор хүссэн үедээ юм идэхэд амар байдаг.

Сургалтын төлбөрийн тухайд Канад улсын иргэн эсвэл байнгын оршин суугч бол жилийн 8000 ка.доллар (16,000,000 төгрөг) төлдөг бол олон улсын оюутнууд жилийн 56,000 орчим ка.долларын (111,000,000 сая төгрөг) төлбөртэй байдаг. Харин хэрэглээний зардлын хувьд сонирхуулаад хэлбэл үс засуулахад хаана гэдгээсээ хамаараад дунджаар 20 ка.доллар (40,000 төгрөг), найзуудтайгаа кино үзэхэд 13-20 ка.доллар (25,000-40,000 төгрөг) болдог. Ер нь Канад улс өртөг аягүй өндөртэй.

Оюутнууд хичээлийнхээ хажуугаар ажиллах боломж байдаг уу? Мөн мэргэжлээрээ ажиллах нөхцөл нь ямар байдаг вэ?

Намайг Канад руу оюутны визээр сурахаар явж байхад 7 хоногийн 20 цаг ажиллах эрх олгосон. Гэхдээ би тэрийгээ одоохондоо ашиглаж амжаагүй байна. Харин нэг цагийн хөлсний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 14-15 ка.доллар байдаг. Миний хувьд ирэх жилээс эхэлж ажиллахаар төлөвлөсөн.

Төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломжийн талаар би профессороосоо асууж байсан. Манай сургуулийн хувьд оюутнууд нь төгсөөд ажлын байраар хангагддаг хувиараа Дэлхийд 12-т жагсдаг юм байна лээ. Тиймээс 2-р курсээсээ дадлага хийх болон төгсөөд ажил олох тал дээр асуудалгүй байх.

Канад улсад суралцсанаар өөрт олдсон давуу тал тань юу байсан бэ?

Мэдээж Дэлхийн олон орны хүүхдүүдтэй хамт сурснаар тэдгээрийн соёлыг сурч амьдралыг арай өөр өнцгөөс харах нүдийг University of Toronto нээж өгсөн гэж боддог. Мөн хэрхэн чанартай эсээ бичих, судалгааны ажил хийх зэргийг ойлгож, өөрийгөө илүү сайн таньж чадсан минь надад үүссэн давуу тал байсан болов уу.

Тэгвэл сул талын хувьд?

Сул талын хувьд эх хэлээрээ төдийлөн их ярьж чадахгүй байгаа. Заримдаа нэлээн санадаг шүү. Монгол найзтайгаа хааяа кампус дээр таардаг. Тэр болгон уулзаад байж чаддаггүй. Учир нь өөр өөр хичээлийн хуваарьтай болохоор тэр. Мөн эхний үедээ жаахан ганцаардах, сэтгэлээр унах тохиолдол бий. Гэхдээ үүнийг сул тал гэж хэлэхэд хэцүү.

Эцэст нь гадаадад сурах сонирхолтой байгаа залуустаа хандаж хэлэхэд?

Миний хувьд гадаадад сурах шийдвэр гаргахаасаа өмнө өөрийгөө олоорой гэж хэлмээр байна. Яагаад заавал сурах гээд байгаагаа тодорхойлох нь чухал. Ер нь гадаад сурахын тулд хэлээ бэлдэнэ, өргөдлөө явуулна, тэтгэлэгт хамрагдана гэдэг чинь маш том ажил хэрэг шүү. Тиймээс эцэг, эхтэйгээ сайтар ярилцсаны үр дүнд шийдвэрээ гаргаарай. Мөн миний энд ирээд нэг ажигласан зүйл нь Монгол залуучуудад асар их потенциал байна. Бид нар хүсэж, тэмүүлэх л юм бол бүх зүйл боломжтой гэдгийг ухаарах хэрэгтэй.

error: Энэхүү контент хамгаалагдсан!