Өнөөдөр:2021-11-27

Америкийн ахлах сургуульд 100% тэтгэлэгтэй суралцсан түүх

Alumni Voice нь боловсролоороо тэргүүлэх улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн Монгол залуусын суралцах арга барил, алдаа дутагдал, заль мэх, шаардлагатай зүйлс гээд холбогдох бусад мэдээллийг хүргэх зорилготой онцлох булан юм. 

Alumni Voice булангийн энэ удаагийн дугаарт АНУ-ын Засгийн газрын ахлах ангийн сурагч солилцооны хөтөлбөр болох Flex-д 2017-2018 оны хооронд хамрагдсан У.Цэдэнсодном оролцлоо. Тэрбээр одоо 33-р сургуулийн төгсөх ангийн сурагч бөгөөд үүнийхээ зэрэгцээ тус хөтөлбөрийн Монгол дахь Flex-ийн төгсөгчид хариуцсан мэргэжилтнээр ажилладаг билээ. 

Түүний Flex хөтөлбөрт амжилттай хамрагдсан туршлага болоод англи хэлээ амжилттай суралцсан урам зориг өгөх түүхээс хүлээн авч уншина уу? Хэрхэн энэхүү хөтөлбөр 9-р ангийн сурагчийн амьдралыг өөрчилсөн бэ?

Ярилцлага явагдсан байршил: Ubean coffee shop 

Сошиал хаягууд: Facebook, Instagram, Twitter 


Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Энэ хөтөлбөрт хамрагдах болсон шалтгаан, түүхээсээ бидэнтэй хуваалцана уу?

Миний хувьд 9-р ангидаа энэхүү хөтөлбөрт хамрагдсан. Түүнээс өмнө дунд ангиасаа эхлэн ямар нэгэн шинэ зүйлс туршиж үзэхийг хүссэн нь энэхүү алхмыг хийх үндсийг тавьж өгсөн гэж боддог.

Ихэнхи сурагч солилцооны хөтөлбөрүүдийн хувьд өндөр төлбөртэй байдаг. Харин Flex-ийн хувьд засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр гэдгээрээ онцлог учраас надад яг л алтан боломж мэт санагдсан. Мөн Америк улсад сурч, соёлыг нь мэдрэн, ирээдүйд илүү том зорилгууддаа хүрэхэд тус болох юм шиг мэдрэмж төрдөг байсан билээ.

Flex хөтөлбөрт хамрагдахын тулд ямар даваануудыг давах шаардлага тулгардаг вэ?

Ерөнхийдөө гурван шатыг давсны эцэст хөтөлбөртөө хамрагдах боломжтой. Эхний шалгалтын хувьд англи хэлний ерөнхий мэдлэгийг шалгах 15 минутын тест байдаг. Дүрэм болон унших чадвартаа сайн бол тус шалгалтыг амархан давчихна. Үүний дараа хувь хүний туршлагад суурилсан гурван эсээ бий. 

Харин сүүлийн шат бол хамгийн хэцүү бөгөөд чухал үе гэж ойлгож болно. Учир нь англи хэлний бүрэн хэмжээний шалгалт, эсээ болон ярилцлага гээд өмнөх бүх шалгалтуудаа ахин бататгах шаардлагатай тулгардаг. 

Дөнгөж дунд сургуулийн хүүхдүүдэд энэхүү олон шат дамжлага бага зэрэг хүндрэлтэй санагдаж магадгүй. Тэгвэл хамрагдахыг зорьж байгаа хүүхдүүд юун дээр түлхүү анхаарах хэрэгтэй вэ?

Хөтөлбөрийн гол шалгуур нь англи хэлний дундаас дээш түвшинтэй байх юм. Тиймээс англи хэлний суурь мэдлэг сайн байх хэрэгтэй. Гэхдээ хэлний мэдлэгийн түвшнээс үл хамааран бэлтгэлээ сайн хангаж чадвал болохгүй зүйл гэж үгүй. Тиймээс үнэхээр явахаар зориг шулуудсан бол бэлтгэлээ сайн хангах тал дээр анхаараарай. 

Хөтөлбөрийн бүхий л процесс англи хэл дээр явагддаг шүү дээ. Тэгвэл таны англи хэл сурсан арга барил юу вэ?

Аливаа хоёрдогч хэлийг сурахдаа онол талаас нь биш хэрэглээ талаас нь харж чадвал илүү амар. Тиймдээ ч өдөр тутмын цаг агаар асуух гэх зэргээр ухаалаг утасны Siri-тэй их ярилцдаг байсан. Үүнийг байнга сонссоноор аялга болон сонсох чадвар илт сайжирсан бөгөөд тэр нь бага ангийн хүүхдэд их сонирхолтой санагддаг байсан шүү. Харин дунд ангид ороод Ted Talks сонсдог болсон. Гэвч зүгээр сонсоод өнгөрөөхийг хүсээгүй учраас толинд харж байгаад өөр өөртэйгөө ярилцдаг, мэдэхгүй үгээ бичиж аваад цээжилдэг байлаа. Үүнийхээ зэрэгцээ англиар ном уншиж сурсан.

Харин одоо Flex Alumni Assocation-д ажилладаг учраас долоо хоног болгон англиар тайлан бичнэ, хүмүүстэй харилцах мэтээр өдөр тутамдаа англи хэлээ ашиглаж байгаа. Энэ нь Flex хөтөлбөрт хамрагдсаны бас нэгэн ач тус гэж боддог юм. 

Таны шалгалтаа амжилттай өгсөн нууц юу вэ?

Эсээний хувьд ихэвчлэн таны түүх болон түүнээс суралцсан туршлагыг тань асуусан сэдэвтэй байдаг тул үүний өмнө хангалттай тооны эсээ бичих хэрэгтэй. Амьдралд тань тохиолдсон сонин содон түүх, илэрхийлэхийг хүссэн бүхнээ өмнө нь сайн тунгааж бодоод бичвэл илүү амжилттай байх болов уу? 45 минутын дотор асуулт дээр суурилсан гурван эсээ бичдэг тул өмнө нь цаг тавьж бэлтгэл хийгээрэй. 

Харин унших даалгаврын хувьд төрөл бүрийн сэдвээс орж ирэх боломжтой тул өмнө нь улс төр, эдийн засаг, урлаг соёл гээд төрөл бүрийн хүрээг хамран уншиж, судлах хэрэгтэй. Энэ нь танд мэргэжлийн үг хэллэгийг цээжлэх боломжийг олгоно.

Миний анзаарснаар ном их уншдаг мэт санагдлаа. Англи хэл сурч буй залуучуудад үр өгөөжтэй ном санал болговол?

Анх англи хэл сурч эхлэхдээ төрөл бүрийн сэдвээр богино нийтлэлүүд уншдаг байлаа. Харин шат ахих тусам үг хэллэг хүнд, олон төрлийн чиглэлээр унших хэрэгтэй. Тэгвэл миний зүгээс санал болгох ном бол Carol S. Dweck- ийн Mindset юм. Энэхүү ном нь өсөх хандлага гэж юу вэ? Бид яагаад нэг газраа хөдөлшгүй зогсоод байна вэ? Зэргийг ойлгомжтойгоор илэрхийлсэн мэт санагдсан билээ.

Би магадгүй ганцхан Монголдоо сурч байсан бол хэзээ ч өндөгний өсөлтийг бодитоор харахгүй байсан байх. 

Энэ бүх шалгуурын дараа Америкт хөл тавьсан анхны сэтгэгдлээ хуваалцана уу?

Монголоос Германаар дамжаад Америкийн нийслэл Вашингтонд хөл тавьсан. Мөн тэр оройдоо бүгд өөр өөрийн хуваарилагдсан хотууд руу ниссэн. Тэрхүү үеэс эхлэн бие дааж амьдрах аялал маань албан ёсоор эхэлсэн юм даа. 

Ихэнх хүмүүс Америк гэхээр эрх чөлөөний хөшөө, хана баганадсан өндөр барилга, Нью Йоркийг төсөөлдөг. Харин Flex-ын оролцогчдыг жижиг, өртөг багатай газар хувиарладаг. Миний очсон Вайоминг бол уулархаг, уугуул америкчууд ихтэй муж бөгөөд би Кеммер хэмээх жижигхэн хотод сурсан. Монголын нэг сумаас ч бага буюу дөнгөж 2500 хүн амтай. Гэвч Америк улсын нэг авууштай тал нь жижиг том гэлтгүй хотууд нь их идэвхтэй. Олон нийтийн арга хэмжээ, үйл ажиллагаа байнга зохиогддог учир уйдах завгүй амьдарсан гэх үү дээ. Жижиг хотод амьдрахын хамгийн том давуу тал бол хүн бүр нэгнийгээ таньдаг, элгэмсэг дотно орчинг мэдэрч чаддагт байгаа юм. 

Монгол болон Америкийн ахлах сургуулийн ялгаатай тал юу байсан бэ?

Америкийн ахлах сургууль сурагчдадаа хөгжих боломжийг хангалттай олгодог. Жишээ нь биеийн тамирын хичээл дээр хоёр долоо хоног болгон өөр өөр спортоор хичээллүүлдэг. Миний хэзээ ч сонсож байгаагүй спорт хүртэл байсан шүү. Мөн би өмнө хэзээ ч дуулдаггүй байсан хирнээ сургуулийнхаа найрал дууны багт ороод мужаараа аялж байсан гэх мэт маш олон сонирхолтой зүйлсийг сурсан. 

Энэхүү олон үйл ажиллагааны эцэст хүүхдэд нийгмийн олон талын мэдлэгтэй болох хүнтэй харилцаж сурах, хамгийн анхны алхмыг өөрөө хийж сурах чадваруудыг хангалттай олгодог билээ. Үүнээс гадна практик туршлагыг өгөхийг их зорьдог юм шиг санагддаг. Би магадгүй ганцхан Монголдоо сурч байсан бол хэзээ ч өндөгний өсөлтийг бодитоор харахгүй байсан байх. 

Гайхалтай туршлагуудыг хуримтлуулсны эцэст хувь хүнд гарсан өөрчлөлт тань юу байв?

Дөнгөж 10 жилийн хүүхдэд энэ хөтөлбөр бол дэлхийг таньж мэдэх маш том боломж байсан. Хамгийн чухал нь “Not better, not worse, just different” гэдэг үгийн утгыг бүрэн утгаар нь ойлгосонд оршиж байгаа юм. Аливааг шүүмжлэх гэхээс илүүтэйгээр түүнийг ойлгодог, гарцыг эрэлхийлдэг болсон маань их мэдрэгдсэн шүү.


TomYo апп дээр Англи хэлний анхан шатны хөтөлбөр эхэллээ. Та энд дарж элсээрэй.

error: Энэхүү контент хамгаалагдсан!