Өнөөдөр:2021-11-27

Хэрхэн тэтгэлгийн эсээ бичих вэ?

Alumni Voice нь боловсролоороо тэргүүлэх улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн Монгол залуусын суралцах арга барил, алдаа дутагдал, заль мэх, шаардлагатай зүйлс гээд холбогдох бусад мэдээллийг хүргэх зорилготой онцлох булан юм. 

Түүний АНУ-д 100 хувийн тэтгэлэгтэй сурсан талаар илүү дэлгэрэнгүйг энд дарж TomYo аппаас үзээрэй ?

Alumni Voice булангийн өнөөдрийн дугаараар Fulbright тэтгэлгээр Bentley University-д 2017- 2019 оны хооронд суралцаад ирсэн Т.Гоомаралтай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр бакалаврын зэргээ Төв Хятадын Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд дүүргэсэн аж.

Үүнийхээ дараа MCS Группийн Анунгоо компани, Голомт Банканд ажилласан туршлагатай. Харин одоогоор PWC Mongolia компанид зөвлөхөөр ажиллаж байна. Энэхүү дугаараар түүний эсээгээ амжилттай бичсэн арга барилыг онцлон хүргэх болно.

Хэрэв та Fulbright тэтгэлгийн талаар сайн мэдэхгүй бол энэхүү нийтлэлийг уншина уу.

Ярилцлага явагдсан газар: TomYo Office

Сошиал хаягууд: Facebook, Instagram, LinkedIn 

Урилгыг маань хүлээн авч, ирсэн танд баярлалаа. Анх хэрхэн тус хөтөлбөрт хамрагдах болсон түүхээсээ хуваалцана уу?

Миний хувьд магистраа англиар ярьдаг оронд хамгаалах хүсэлтэй байсан. Тэр дотроо Англи юм уу Америк руу явах зорилгыг өөртөө тавьсан юм. Тиймээс тэтгэлэг авах боломжуудыг хайж эхэлсэн. Тэр дундаас Fulbright тэтгэлгийн шаардлагууд хамгийн боломжтой санагдсан тул хичээгээд өргөдлөө явуулахаар шийдсэн.

Өргөдлөө илгээхэд хэр их хугацааг зарцуулсан бэ?

Өргөдлөө явуулах санаагаа ерөнхийдөө жилийн өмнөөс бодож эхэлсэн. Хэнтэй холбогдож зөвлөгөө авах вэ? Яаж материалуудаа бэлдэж эхлэх вэ? Гэх мэтчилэн бодсоор нэлээн цаг авсан. Харин зургаан сарын өмнөөс ажил хэрэг болгох хэрэгтэй гэж шийдээд, эсээгээ бичих эхэлсэн юм байна.  

Тэгвэл одоо таны эсээний талаар дэлгэрэнгүй ярилцъя. Эсээнд байх ёстой шаардлагуудыг бидэнд хэлж өгөөч? 

Fulbright-ын эсээ дараах үндсэн агуулгуудыг багтаасан байх шаардлагатай. Үүнд Америкт суралцаад та юу олж авах вэ? Яагаад энэхүү мэргэжлээ сонгосон бэ? Мөн та буцаж ирээд Монголдоо ямар хөрөнгө оруулалт оруулах вэ? Гэх агуулгыг багтаасан байна. Үүнийгээ хоёр нүүрэнд багтаан товч бөгөөд тодорхой бичих шаардлагыг тавьдаг юм. 

Магистрын зэрэг хамгаална гэдэг их өргөн сэдвийн хүрээнд яригддаг зүйл

Зургаан сарын хугацаанд эсээгээ бичсэн гэсэн шүү дээ. Эсээнийхээ санааг олоод буулгах үеэс эхэлж, ямар бэрхшээл тулгарсан бэ? Үүнийгээ хэрхэн даван туулав?

Хамгийн чухал нь очоод ямар чиглэлээр сурах вэ гэдгээ зөв тодорхойлох. Миний хувьд явахаас өмнөх ажлын туршлага дээрээ тулгуурлан магистрын зэргээ санхүү, эдийн засгийн чиглэлээр дүүргэхээр шийдсэн. Чиглэлээ сонгоход тийм ч хүндрэлтэй байгаагүй. Харин эсээндээ агуулах ёстой сэдвүүдээ бүгдийг нь багтаах чухал байсан тул буцаж ирээд Монголдоо ямар хөрөнгө оруулалт оруулах вэ? Гэдэг дээр нилээн цаг хугацаа зарцуулж байсан шүү. Учир нь магистрын зэрэг хамгаална гэдэг их өргөн сэдвийн хүрээнд яригддаг зүйл. Тиймээс хүмүүсээс их зөвлөгөө авсан бөгөөд гурван сарын хугацаанд анхны хувилбараасаа эхлээд 10, 20 удаа засвар оруулсан. 

Миний хувьд тулгарсан хамгийн том бэрхшээл нь эсээний агуулгаа зөв тодорхойлох байсан билээ. Учир нь таны өмнөх ажлын туршлага, баклаврын мэргэжил одоогийн сонгосон чиглэлтэй тань нягт холбогдож байх шаардлагатай. Тэгж байж сонгогдох магадлал тань өсөх юм.

Хүмүүсээс зөвлөгөө авсан талаар дэлгэрүүлж асуухыг хүслээ. Та хэрхэн зөвлөгөө авах хүнээ сонгосон бэ?

Тухайн үед найзын маань эгч University of California, Berkeley-г төгсчхөөд ирсэн байсан. Тэр хүнийг сонгосон шалтгаан нь миний сонгосон чиглэлээр магистраа хамгаалсан юм билээ. Тиймээс агуулга талаасаа академик түвшинд юуг тусгах хэрэгтэй талаар зөвлөгөө авахад илүү дөхөм байсан. Тиймээс миний өгөх зөвлөгөө бол өөрийнхөө сурах гэж буй чиглэлийн хүнийг олоод, сайн хамтран ажиллаж байнга эсээгээ сайжруулаарай. Хамгийн чухал нь хэн нэгнээс асуухдаа битгий санаа зовоорой. Учир нь чи өөрийнхөө ирээдүйд маш том хөрөнгө оруулалт хийх гэж байгаа юм шүү.

Энэ бүх шалгуурыг давсны дараагаар Америкт очоод суралцсан туршлагаасаа хуваалцаач?

Нийт дөрвөн сургуульд өргөдөл илгээснээс Bentley University- гээс санал ирээд суралцахаар болсон. Сонгосон шалтгааны маань нэг нь Бостон хотод гэдэг байсан. Очсоны дараа сардаа нэг Fulbright тэтгэлгийн оролцогчид маань цугларч уулзалт хийхээс гадна сайн дурын ажил их хийдэг байсан нь олон хүнтэй танилцах боломжийг бүрдүүлсэн юм.

Харин Монголд ирсний дараа Fulbright хөтөлбөрийн туршлага маань надад дэлхийн хаалгыг нээж өгсөн юм билээ. Америкт үзсэн туршлагаа Монголдоо хэрхэн хэрэгжүүлэх вэ? Гэдэг дээр илүү их зүйл боддог, хүсдэг болсон. Үүнийгээ хэрэгжүүлэх шинэ соргог санаанууд ч мөн их төрсөн шүү. 


Та тус хөтөлбөрийн дэлгэрэнгүй, чухал мэдээллийг багтаасан ярилцлагын бүтэн хувилбарыг, видео хэлбэрээр TomYo аппаас үзэх боломжтой.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!