У.Золзаяа: “Энэ яаж ажилладаг юм бол?” гэх асуултаас бүх зүйл эхэлсэн

Энэ удаагийн “Би Монгол оюутан” булангийн маань дугаарт Япон улсад сурч, ажиллах талаар өөрийн туршлага, үзэл бодлоо хуваалцахаар У.Золзаяа оролцлоо.

“Золзаяа нь одоогоор Япон улсын 2 жилийн бакалаврын хөтөлбөртэй Chiba Vocational Ability Development University (CVADU)-д программ хангамжийн чиглэлээр суралцаж байгаа бөгөөд Япон улс дах Монгол оюутны холбооны дэд тэргүүн билээ.”

Таны хувьд яагаад Япон улсыг зорьж сурахаар шийдсэн бэ?

Анх Япон улсын талаар сошиал медиа, интернетээс маш их мэдээлэл уншдаг байлаа. Түүнийхээ хариуд Япон хүмүүсийн өвөрмөц сэтгэхүй, хийж байгаа содон технологиудад нь татагдаж эхэлсэн. Мөн найзууд маань энэ улсад суралцдаг болохоор зааж, зөвлөх хүмүүс байсан гэж ойлгож болно. Энэ бүгд нийлээд л миний суралцах хүслийг өдөөж өгсөн дөө. 

Анх ахлах сургуульд сурч байх үедээ Японд IT чиглэлээр сурна гэсэн бодол байсан уу? Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

Ерөөсөө надад төсөөлөл байгаагүй. Би ахлах сургуулиа Эрдэнэт хотод төгссөн. Түүнийхээ дараа бусад хүүхдүүдийн л адил Монголдоо сурсан бөгөөд ээжийнхээ зааснаар МУБИС-ын сэтгүүлзүйд мэргэшиж байлаа. Тухайн үед хэд хэдэн программууд дээр ажилладаг байсан. Түүнээсээ үүдээд энэ программыг яаж хийсэн юм бол? Хэрхэн ажилладаг юм бол? гэх мэт асуултуудад шунаж энэ чиглэлд илүү сонирхолтой гэдгээ олж мэдсэн. Харин найзууд маань Японд энэ чиглэлээр сурч, ажиллахад тохиромжтой гэж зөвлөсний үндсэн дээр одоо сонирхолтой зүйлээ хийж байна даа.

Тэгвэл Японд сурахад мэдээж хэлний асуудал тулгарсан байх. Яаж Япон хэлийг сурч байв?

Японд сурахаар шийдсэнийхээ дараа шууд л хэлний мэдлэг хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. Тэр ч утгаараа интернетээс Окинавад байдаг хэлний сургуульд шаардлагатай материалуудаа бүрдүүлж өгсөн. Түүний дараагаар урилга аваад Монгол дахь Япон улсын элчин сайдын газар ярилцлаганд ороод очиж байлаа. Би Япон хэлийг хэлнийх нь сургуульд хоёр жил сурч эзэмшсэн.

Золзаяагийн хувьд өглөө хэдэн цагт босдог вэ? Мөн өдрийг хэрхэн эхлүүлдэг вэ?

Би бүх өдөр 7 цагт сэрдэг. Өглөөдөө босоод тогтсон хийдэг зүйл цөөхөн ч тогтмол ус уухыг хичээдэг. Эрүүл мэндийн талаасаа ч биед тустай. Заримдаа өглөөний цайгаа бэлддэг. Тэгээд хувцсаа өмсөөд шууд хичээлдээ гарна даа. Манай гэр сургуулиас гал тэргээр нэг цагийн зайд байдаг бөгөөд хичээл 8:50-аас эхэлнэ. Хэдий надад сургуультайгаа ойр байр сонгох боломж байсан ч хол газар сонгосон нь учиртай. Тухайлбал би өөрийгөө заримдаа залхуурдаг гэдгээ мэддэг. 

Тиймээс өдрийг эрт эхлүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх зорилгоор сургуулиасаа хол байр түрээсэлдэг. Харин галт тэргэн дотор явах нэг цагтаа Япон хүмүүс лүү мэйл бичих, орчуулга хийх, ном унших эсвэл хичээлээ хийх гэх мэт олон зүйлийг амжуулдаг.

Та өглөөний цайндаа ихэвчлэн юу хэрэглэдэг вэ?

Өглөөний цайндаа ихэвчлэн будааны ороомог (Onigiri) болон Natto гээд исгэсэн шар буурцагтай бүтээгдэхүүн бий. Тэрийг талхан дээр тавьж иддэг дээ.

Таны өдөр ихэвчлэн ямар цагийн хуваариар явдаг вэ?

Түрүүн хэлсэнчлэн өглөө 7:00-д босоод цайгаа ууж, өөрийгөө бэлдээд гал тэргэндээ сууна. Хичээл 8:50-аас ороод 16:20 гэж тардаг. Дундаа 45 минутын завсарлагатай. Түүний дараагаар ажил руугаа яваад 17:00-23:00 цаг хүртэл ажиллана. Ажлаасаа гараад галт тэргэндээ суугаад гэртээ 00:00 цагт ирээд өглөөний цай, маргаашийн хичээл номоо бэлдээд 2:00 цаг гэж унтана. Тэгээд өглөө 7:00 цагтаа босно. Ер нь маш завгүй өдрүүд өнгөрдөг. Харин амралтын өдрүүдээр Япон улс дах Монголын оюутны холбооныхоо ажлуудыг хийнэ. Эсвэл гадуур явж ирэх долоо хоногийнхоо хүнсийг цуглуулдаг даа. 

Их сургуулийнхаа талаар сонирхуулбал?

Манай сургуулийн хувьд 1991 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд улсдаа шилдэг инженерүүдийг бэлтгэн гаргадаг. Мөн бакалаврын түвшний хоёр жилийн хөтөлбөр, ажилд ороход тусалдаг зөвлөх багштай гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн бусад томоохон сургуулиудын хажууд жижигтээ орох бөгөөд мэдэхгүй зүйлсээ багш нараасаа асуух боломж ихтэй. Өөрөөр хэлбэл багш, профессорууд оюутнуудтайгаа нэг бүрчлэн харьцах боломж нь чөлөөтэй байдаг.

Оюутнуудад хэр их бие дааж хийх даалгавар дадлага ажил өгдөг вэ?

Манай сургуулийн сургалтын систем нь инженерийн сургууль учир практик дээр суурилсан гэж ойлгож болно. Тэр ч утгаараа оюутнуудаар дадлага ажил их хийлгэдэг. Тухайлбал хоёр кредит хичээл байлаа гэж бодоход нэг кредит дээр нь онолоо үзнэ. Үлдсэн нэг дээр нь дадлага хийнэ гэсэн үг. Харин тухайн дадлага дээрээ жишээ болгоод хэлэхэд жижиг машин, утасгүй цахилгаан хангамж, гэрэл мэдрэгчтэй чийдэн бүтээх гэх мэт зүйлүүдийг хийх бүдүүвч зураг өгнө. Тэгээд түүнийгээ багаараа ажиллаж хийгээд багшдаа шалгуулж, тайлан бичиж өгдөг.

Түрүүн та ярьсан маш завгүй өдөр өнгөрдөг гэж. Тэгвэл бүх ажлаа яаж зохицуулдаг вэ? Цагийн менежментийнхээ талаар яривал?

Миний хувьд цагийн менежментээ хийх зорилгоор сар, жилээр хуваасан төлөвлөгч дэвтрийг ашигладаг. Ер нь бол өөрийн хийх ёстой ажлуудаа бүтэн сараар төлөвлөдөг. Мөн тухайн өдөрт хийх зүйлсээ цагт нь хуваана. Зарим мартаж магадгүй гэсэн жижиг даалгавруудаа утсан дээрээ татсан Reminder аппаар сануулаад орхидог. Тэгээд тухайн ажлын цаг болохоос 30 минутын өмнө сануулна. Ингэж л өдөр, хоногоо зохицуулдаг даа.

Монгол оюутнуудтайгаа хэр их тааралддаг вэ?

Япон улсад Монгол оюутнууд их бий. Би Япон улс дах Монгол оюутны холбоонд байдаг болохоор монголчуудтайгаа их таардаг. Үнэхээр бахархмаар мундаг оюутнууд олон шүү. Мөн дотооддоо олон семинар, хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг болохоор монголчуудтайгаа ойр гэж ойлгож болно. 

Гадаад оюутан руу чиглэсэн үйл ажиллагаа хэр их зохион байгуулагддаг вэ?

Сургуулиасаа хамаараад өөр байх. Ер нь бол бүх сургуулиуд жил дээ нэг удаа соёлын өдөрлөг хийдэг. Түүн дээр оюутнууд өөрийн соёл, үндэсний хоол зэрэг зүйлсээ танилцуулна. Манай сургуулийн хувьд төдийлөн гадаад оюутнууд руу чиглэсэн үйл ажиллагаа зохиогддоггүй. Учир нь бусад сургуулиудтай харьцуулахад олон улсын оюутнууд бага. Харин сургуулийн өдөрлөг гээч зүйл хийдэг. Тодруулбал тухайн өдөр оюутнууд өөрсдийн жилийн турш хийсэн робот, ухаалаг нүдний шил гэх мэт төрөл бүрийн технологийн зүйлсийг сонирхуулдаг.

Оюутнууд нь ихэвчлэн хаагуур хичээлээ хийж суудаг вэ? Номын сангийнхаа талаар ярьж өгвөл?

Манай сургуулийн номын сангийн хувьд бусад сургуулиудтай харьцуулахад жижиг. Мөн оюутнууд нь төдийлөн номын сандаа суугаад байдаггүй. Учир нь хичээл 16:20-оос тараад оюутан өөрсдийн хуваарилж өгсөн ангиуддаа сууж 21:00 хүртэл хичээлээ хийх боломжийг бүрдүүлж өгсөн.

Номын санд дандаа мэргэжлийн чиглэлийн номууд бий. Мөн цөөхөн оюутантай болохоор удаан хугацаанд гэрээр ном авч болдог. Оюутнууд ихэвчлэн хичээлээ тараад сургууль дээрээ үлдэцгээдэг. Тэгээд өөрсдийн гардаж авсан робот, нүдний шил гэх мэт зүйлс дээрээ ажилладаг.

Япон улсад тэтгэлгээр суралцах боломж хэр их байдаг вэ?

Тэтгэлгийн хувьд Монголоос Японд суралцах хүсэлтэй залуусын тодорхой хувь нь Японы засгийн газраас жил болгон зарладаг Monbukagakusho Scholarship (Monbusho) хөтөлбөрөөр суралцдаг. Monbusho нь Япон улсын их сургуулиудад 100 хувь үнэ төлбөргүй суралцах боломжийг олгодог тул ихэнх залуус материалаа бүрдүүлж өгдөг. Хэрэв Японд суралцах хүсэлтэй хүн байвал энэхүү тэтгэлгийн талаар сайн судлаад үзэх хэрэгтэй.

Тэгвэл Япон улсын их сургуулиудын төлбөрийн талаар сонирхуулбал?

Их сургуулиудынх нь төлбөрийн хувьд өндөр байдаг. Миний мэдэхийн 10-25 сая төгрөгийн хооронд бий. Үүнээс илүү ч байж магадгүй. Ер нь улсынх нь хувийн сургуулиудаа бодоход бага төлбөртэй, их оюутантай. Манай сургуулийн хувьд улсын сургууль бөгөөд ирц сайтай, хичээл зүтгэлтэй, ар гэрийн бололцоо муу оюутнуудын төлбөрийг семистрээр нь хөнгөлдөг. Тиймдээ ч би сүүлийн хоёр жилийн турш сургуульдаа төлбөр төлөөгүй л явна.

Золзаяагийн хувьд ганцаараа амьдардаг гэсэн. Ер нь Япон улсад амьдрах амьжиргааны зардал хэд болдог вэ? 

Япон улсын амьжиргааны зардлыг Монголтой харьцуулшгүй өндөр. Тухайлбал нэг кг төмс нь дунджаар 10,000 төгрөг, 1 кг тахианы мах 25,000 төгрөг, үхрийн мах 1 кг нь 50,000 орчим төгрөг, 1 кг будаа нь ойролцоогоор 14,000 төгрөг болно. Харин манай түрээсийн байрны хувьд Монголоор хуучны орос байр шиг жижиг 1 өрөөнд байдаг бөгөөд сарын түрээсэнд 800,000 төгрөг төлдөг. Гэхдээ энэ нь харьцангуй хямд байрандаа тооцогдоно. Учир нь хотоос зайтай болохоор тэр.

Хэрэглээний ус, цахилгаан, гааз, гар утасны зардлууд нийлээд ойролцоогоор 300,000 орчим төгрөг болдог. Энэ бүх гарсан мөнгөө өөрийн дансандаа хийсэн байхад сар болгоны тогтсон өдөр татна. Ингээд бодохоор сарын нийт урсгал зардал гээд 1,500,000 орчим төгрөг надаас гардаг. Тиймээс өртөг өндөртэй гэж ойлгож болно.

Тэгвэл энэ их зардлыг төлөхийн тулд оюутнууд хичээлийнхээ хажуугаар ажиллах боломж байдаг уу? Тусгайлсан ажиллах дээд цагийн хэмжээ гэж байдаг байх.

Ажиллах боломж их бий. Япон улсад оюутны визтэй байгаа хүн бүхэн хуулиндаа долоо хоногт 28 цагаас илүү ажиллаж болохгүй гэж заасан байдаг. Харин нэг цагийн хөлс нь хаана ажиллаж байгаагаасаа хамаарна. Тухайлбал хотын төвд ажиллах нь хөдөө ажиллахаасаа арай өндөр үнэлгээтэй байдаг гэх мэт.

Миний хувьд цагийн 25,000 (990 иен) төгрөгөөр ажилладаг гэж үзэхэд сарын 3,500,000 орчим төгрөг болно. Үүний ихэнх нь түрүүн ярьсан урсгал зардалдаа зарцуулна. Ер энэ бүх зардал, орлогын дүн ойролцоогоор авч ярьж байгаа шүү.

Оюутнууд ихэвчлэн ямар ажил хийдэг юм бол? 

Хэлний түвшин муу бол хамгийн түгээмэл олддог ажлууд нь дэлгүүрийн худалдагч, зөөгч зэрэг болно. Харин хэлний мэдлэг сайн байснаараа орчуулагч, оператор, хөтөч гэх мэт бусдаасаа өндөр цалинтай ажлууд хийх боломжтой. Миний хувьд бичиг баримтын орчуулга болон зоогийн газар зөөгч хийдэг.

Япон улс цаг агаарын хувьд ямар вэ?

Япон улс цаг агаарын хувьд Монгол шиг эрс тэс уур амьсгалгүй болохоор өдөр болгон дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой гэдгээрээ тааламжтай санагддаг. Эсрэгээрээ заримдаа цас гэнэт орох үед галт тэрэг зогсох, түгжрил үүсдэг нь ажиглагдсан. Мөн 6 сараас борооны улирал эхлэх үед маш их бороо ордог.

Японд суралцаад олж авсан давуу талуудынхаа талаар сонирхуулбал?

Миний хувьд Японд ирээд, ганцаараа амьдарснаар өөрийгөө илүүтэй хөгжүүлэх боломж маань нээгдсэн. Мөн цагийн менежмент гэдэг зүйлийг ёстой тултал нь ойлгосон гэж хэлж болно. Хамгийн сайн сурч авсан, надад олдсон давуу тал нь багийн ажиллагаанд суралцсан явдал. Ер нь Японд сурахаар ирсэн оюутан болгоныг сургуулиас нь багийн ажил их хэмжээгээр хийлгэдэг. Энэ нь эргээд ажлын байран дээр гарахад бэлэн болгож буй хэрэг юм. Бас нэг онцлох зүйл нь Япон хүмүүс хөдөлмөрч, хичээнгүй хүнийг их дэмждэг.

Харин сул талын хувьд?

Энэ зөвхөн миний л хувьд шүү. Өөрийгөө дутуу үнэлэх, сэтгэлээр унах явдал их тохиолддог. Учир нь Япончууд аливаа нэг зүйлийн дандаа асуудалтай талуудыг нь гаргаж ирж сэтгэлээр унагаадаг. Мөн аливаа ажилд санаачилга гаргаад хэтэрхий оролцвол бусдыгаа хүндэлсэнгүй гээд гадуурхагдах талтай. Түүнээс сул тал гээд хэлэх зүйл алга байна даа.

Эцэст нь Япон улсад суралцах сонирхолтой, суралцахаар зориглосон залуучууддаа хандаж хэлбэл?

Хамгийн түрүүнд хэлний мэдлэгээ л сайжруулаарай. Мэдээж гадаад оронд сурах гэж байгаа хүнд маш олон асуудлууд тулгарна. Харин таньдаг хүнтэй байвал зааж, зөвлөөд явдаг тул их амар. Тиймээс найз нөхөд, хамаатан, тухайн оронд суралцдаг Монгол оюутнуудтай холбоотой байгаарай. Мөн Японд сурах үед алддаг нэг зүйл нь татвар, нийгмийн даатгал төлөх насан дээрээ ирсэн Монгол залууст багаас нь маш их татвартай холбоотой цааснууд ирнэ. Түүнийгээ амьдарч буй баг дээрээ очоод, оюутан гэж хэлээд цуцлуулахгүй бол гэнэт их хэмжээний төлбөрт унах явдал гардаг.

Дээр миний ярьснаас анзаарсан байж магадгүй. Нэгэн хэвийн хэмнэлээрээ удаан амьдрах үед сэтгэлээр унах тохиолдол гардаг. Тэр болгонд шантралгүй зорилгодоо үнэнч байгаарай. Мөн Монгол оюутны холбоотойгоо ойр байснаар олон боломжууд бий болдог гэж хэлмээр байна.


Эцэст нь хэлэхэд хэрэв та гадаадад сурч, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших хүсэлтэй бол TomYo аппаа татаж мөрөөдлөө биелүүлээрэй. Бид таныг гадаадад сурах бүх мэдээллээр хангах болно.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!