АНУ-д суралцах UGRAD тэтгэлэгт тэнцсэн туршлага

Alumni Voice булангийн энэ удаагийн дугаараар Global UGRAD тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдаж байсан Г.Намууны туршлагаас хуваалцсан ярилцлагыг хүргэж байна.

Г. Намуун нь тус хөтөлбөрөөр 2016 онд Levis & Clark State коллежид Бизнесийн удирдлага мэргэжлээр хамрагдаад ирсэн юм. Одоогоор Анд Системс ХХК-д бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежерээр ажиллаж байгаа билээ. Хэрэв та Global UGRAD тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдэхийг хүсвэл энэхүү нийтлэлийг уншина уу.

Ярилцлага явагдсан газар: WallStreet Restaurant Lounge

Сошиал хаягууд: Facebook, Instagram, LinkedIn

Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Өнөөдрийн ярилцлагаа анх энэхүү тэтгэлгийн талаарх мэдээллийг хэрхэн, яаж олж мэдсэнээс эхлүүлье гэж бодлоо.

Миний хувьд тус хөтөлбөрт хамрагдаж байх хугацаандаа СЭЗИС-д Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байсан. Нэгдүгээр курсээ төгсчхөөд гадагшаа явах талаар судалж, заавал дөрвөн жил хүлээх шаардлагагүй гэдгийг олж, мэдсэн юм. Тухайн үед гадаадад суралцах тухай мэдээ, мэдээлэл хомс байсан тул бэрхшээлтэй байсан шүү.

Global UGRAD хөтөлбөрийн гол онцлог болоод оролцогчдоос голчлон хардаг зүйл вэ?

Юун түрүүнд Америкийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр гэдэг утгаараа их нэр хүндтэй. Тэр чинээгээрээ өрсөлдөгч их байдаг. Оюутнууд маань бакалаврын хөтөлбөрөөр суралцаж байх үедээ ирээдүйд юу хийхээ мэдэхгүй төөрөлдөх үе гардаг. Харин энэ хөтөлбөрийн онцлог нь хэрэв та тэнцэж чадвал таны өмнөөс хаана, ямар сургуульд суралцах зэрэг бүхий л асуудлуудыг шийдэж өгдөг явдал юм. 

Мэдээж тэтгэлгийн cуурь шаардлагууд байгаа. Тэдгээрийг Америкийн элчин сайдын яамны веб хуудаснаас мэдэх боломжтой. Харин миний анзаарснаар хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргагчдаас хувь хүнийг нь голчлон хардаг санагдсан. Тухайн хүн нийгэмдээ идэвхитэй байж, жижиг ч хамаагүй үр дүн гаргаж чадсан байна уу? Гэдгийг их сонирхдог.

Танд тэтгэлгийн шаардлагуудыг хангахад ямар саад бэрхшээл тулгарч байсан бэ? Үүнийгээ хэрхэн даван туулав?

Global UGRAD хөтөлбөрийн өргөдөлд хоёр тодорхойлох захидал, хоёр эсээ бичихийг шаарддаг. Харин тодорхойлох захидал багшаасаа авахад зөвхөн надад ч гэлтгүй бусад оюутнуудад ч нэг бус удаа тулгардаг асуудал бий. Багш нар “Тодорхойлох захидлаа өөрөө бичээд ирвэл гарын үсэг зураад өгье” гэж их хэлдэг. Тодорхойлох захидал гэдэг нь таныг бусдын нүдээр, өөр өнцгөөс харах зорилготой зүйл. Харин чи өөрөө биччихвэл хэт нэг талыг баримталсан захидал гарна. Тиймээс танд гучхан минут зарцуулж чадах хүнээс тодорхойлох захидлаа аваарай гэж зөвлөмөөр байна. 

Эсээ бичихдээ ямар алдаанаас зайлсхийх хэрэгтэй вэ?

Анзаараад байхад дийлэнх залуусын гаргадаг алдаа нь өөрийгөө хэт дөвийлгөж, магтах хандлагатай байдаг. Энэ нь уншиж байгаа хүнд тухайн хүн энэ хөтөлбөрт хамрагдсанаар зөвхөн өөрийгөө хөгжүүлэх гэж байна гэх бодлыг төрүүлдэг. Харин энэ нь таны сонгогдох боломжийг бууруулна гэж ойлгож болно. 

Та өөрийн англи хэл сурах арга барилаасаа бидэнтэй хуваалцаач?

Миний үгийн баялаг одоо ч гэсэн тийм сайн биш. Одоо бол кино үзэж, дуу их сонсдог. Сонсож байгаа дуун дээр гарч байгаа мэдэхгүй үг, хэллэгээ их хайдаг байсан юм байна. Хүн дуртай дуун дээр гарч байгаа үгээ мартдаггүй юм байна лээ. Ерөнхийдөө би өдөр тутмын амьдралын хэв маягтайгаа англи хэлийг холбож суралцдаг төрлийн хүн.

Ярилцлагад орохоос өмнө таны англи хэлний ярианы түвшин тань ямар байсан бэ?

Юун түрүүнд хүмүүсийн хамгийн том айдас нь ярианы түвшин тийм ч сайн биш, тиймээс тэнцэхгүй гэсэн бодол байдаг. Миний хувьд англи хэл маань академик түвшинд тийм ч сайн байгаагүй. Ихэвчлэн энгийн үг хэллэг ашиглаж ярьдаг байлаа. Гэвч ярилцлагын үеэр хэцүү үг, өгүүлбэр ашиглах нь чухал биш. Харин асуусан асуултад нь оновчтой, тодорхой хариулах хэрэгтэй.

Одоо Америкт очсоны дараах туршлагаасаа ярилцацгаая. Та бидэнтэй амьдарч байсан хот, сургуулийнхаа талаар хуваалцаач?

Тэнцсэн тохиолдолд мэргэжлийг нь харгалзан үзэж цаанаасаа сургуулиудад хувиарладаг. Би Айдахо мужийн Lewis & Clark State коллежид суралцсан. Манай сургуулийн хувьд суралцах орчин үнэхээр төгс бүрдсэн сургууль байсан юм. Мөн миний анзаарснаар ихэвчлэн суралцах орчин сайтай жижиг хотуудад хуваарилдаг санагдсан шүү. 

Монголын их сургуульд суралцах АНУ-ын их сургуульд суралцахын ялгаа юу байсан бэ?

Аль аль улсад бизнесийн чиглэлээр сурсан хүний хувьд хамгийн том ялгаа нь АНУ багаар ажиллахыг илүү их дэмждэг. Хэлэлцүүлэг, мэтгэлцээн ихээр явуулдаг тул сурагчид нь их нээлттэй. Онолоос илүү практик дээр тулгуурлаж ажилладаг нь их таалагдсан шүү. 

Шалгалт авахдаа хүртэл онол гэхээсээ илүү оюутны бодол санааг асуусан асуулт ихтэй тул оюутнууд шалгалтдаа санаа зовох нь бага, хуулах гэх зэрэг асуудал гардаггүй байсан. 

Хүн өөрөө боломжуудыг эрэлхийлж чадвал амжилтын үүд хаалга үргэлж нээлттэй байдаг

Та хичээлээс гадуурх сонирхолтой үйл явдлуудын талаар дурсамжаасаа хуваалцаж болох уу?

UGRAD хөтөлбөрийн хэрэгжих хугацаа нь ганцхан семестр байдаг учраас нэг харамсалтай зүйл нь хэтэрхий хурдан өнгөрдөг. Тиймээс эртнээс хийхийг хүссэн зүйлсээ тодорхойлоод, хичээлийнхээ хажуугаар тэнцвэрийг нь хадгалаарай. Учир нь АНУ-д очоод ганцхан хичээлээ хийсээр цаг хугацаагаа өнгөрөөчихвөл харамсалтай шүү дээ.

Хамгийн гоё зүйл нь маш их найзуудтай болсон. Тэдэнтэй өнгөрөөсөн дурсамжууд хэзээ ч мартагдашгүй тод үлдсэн. Одоо эргэн харахад хичээл хийж байсан мөчүүд бус тэдэнтэй өнгөрөөсөн мөчүүд хамгийн их бодогддог.

Эцэст нь хөтөлбөрийнхөө төгсгөлд Вашингтон хот руу хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд тал талаас цуглан семинарт оролцдог. Өмнө нь ихэнхдээ Америк хүмүүстэй харилцаж байсан бол энэхүү семинарын үеэр орон орны найзуудтай болж чадсан. Тэр үед олон хэлээр ярьдаг, мундаг хүүхдүүдийг хараад “Надад мэдэхгүй зүйл асар их байгаа юм байна” гэдэг бодол хамгийн их төрж байлаа.

Таны ярианаас сонсоход энэхүү хөтөлбөр маш олон боломжуудыг нээж өгсөн мэт санагдлаа. Тэгвэл Global UGRAD танд ямар боломжуудыг олгосон бэ?

Америкт сурч байхдаа сургуульдаа үлдээд, суралцмаар мэдрэмж их төрж байсан. Үлдэж суралцах боломжыг хайсан боловч нэг семестрийн хөтөлбөр учраас хатуу чанга байсан гэж хэлж болно. Гэхдээ тухайн сургууль үнэхээр таныг суралцуулахыг хүсвэл буцаж ирэх боломжтой. Тиймдээ ч би тэтгэлэг аваад буцаж сургуульдаа сурахынхаа зэрэгцээ Монгол дахь их сургуулийнхаа онлайн хөтөлбөрт суралцаж, дүнгээ дүйцүүлэн, сүүлийн семестртээ суух гэх мэтээр зохицуулсаар хоёр дипломтойгоор төгсөж чадсан юм. Тиймээс хүн өөрөө боломжуудыг эрэлхийлж чадвал амжилтын үүд хаалга үргэлж нээлттэй байдаг юм шүү.

Харин карьерийн хувьд хөтөлбөрийн үр нөлөөгөөр Wells Fargo & Co, Худалдаа Хөгжлийн Банк, And Global зэрэг тэргүүлэх компаниудад мэргэжлээрээ ажиллаж чадсан. Хамгийн чухал нь боломж үргэлж байдаг гэдгийг надад итгүүлж, улам урагшаа тэмүүлэх урам зоригийг өгсөн юм.


error: Энэхүү контент хамгаалагдсан!