Өнөөдөр:2021-11-27

Бид хамтарч юм хийхэд юу саад болно вэ?

Бүтэлгүй юмыг ярих, бүтэлгүй юм хэлэх байтугай бүтэлгүй юм бодохоо ч таслан зогсоосон цагт хүн хөгжиж, урагшилж, дээшлэх боломжтойг тархи, сэтгэл судлаачид тогтоосон.

Монголын нийгэм тэр чигээрээ бүтэлгүй нийгэм болж төлөвшиж байгаа нь харамсалтай. Хаа сайгүй л Монгол хөгжихгүй, устан алга болно, бусдын колончлолд орно гэсэн бодол төлөвшиж байна. Монгол хүн бол бүтэхгүй, илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэсэн бүтэлгүй бодол нийтлэг хандлага болж буй.

Хүн яагаад өөрийгөө бүтэхгүйгээр нь дуудаж, бүтэхгүй юм ярихад хүрнэ вэ?

Мэдэхийг хүсэхгүй бол мэдэхгүй. Эрдэмгүй бол хүсэхгүй. Зорилгогүй зориглохгүй. Бодохгүй, өөртөө эргэлзэхгүй, асуулт тавихгүй бол өөртөө итгэлгүй, ноомой, бусдын эрхшээлд ороход бэлэн, тэсвэр, хатуужилгүй болдгийг философичд сануулсаар иржээ.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Өөрөө бодож хийхгүй бол бусдын сайн туслагч төдий л байхаас бус хамтарч, хийж бүтээх хамтрагч байх боломжгүй талаар Жим Коллинс Сайнаас Агуу руу (Jim Collins, Good to Great: Why Some Companies Make the Leap and Others Don’t) хэмээх номдоо бичжээ.

Хүний хүсэл аар саархан, өдөр тутмын, өчүүхэн, жижиг тугалын бэлчих газраас холдож үзээгүй, зөвхөн өөрийн хар амиа зогоох, амь гарах тухай байх тусам тэр чинээгээрээ түүний ертөнцийн төсөөлөл нь бяцхан, мэдлэгийн хүрээ нь хязгаарлагдмал, өшөө хорсол, үзэн ядалтаар дүүрэн байдаг тухай Артур Шопенхауэр Ертөнц бол чиний хүсэл ба илэрхийлэл (Arthur Schopenhauer: World as Will and Representation) номдоо бичжээ. Нэг талхны хойноос өрсөлдөх үү, нэг талхны үйлдвэр байгуулахын төлөө хамтрах уу гэдгээс хамаараад гүйцэтгэл өөр өөр байх болов уу.

Эдийн засагт хүмүүс хэрхэн хамтран амьдарч, хамтран ажиллаж, шийдвэр гаргаж, хувийн болоод нийтийн эрх ашиг (алдагдал) нэмэгдүүлж байдгийг Тоглоомын онол (Game Theory) судалдаг. Тус онолд Prisoner’ Dilemma буюу хоригдлын ацан шалаа гэх ойлголт бий. Тус тусдаа байцаалтад орсон 2 сэжигтэн (хоригдол) ямар шийдвэр гаргавал хамгийн хөнгөн ялтай үлдэж чадах вэ? Гэм хэрэгтнүүд хүртэл хоорондоо хамтарч, нэг зорилгын төлөө байж чадвал ялын хэмжээгээ хөнгөлөх боломжтой ба амь амиа бодож хувийн тоглолт хийхэд ялын хэмжээ нэмэгдэж, аль аль талдаа ашиггүй үр дүнд хүрдэг тухай Prisoner’s Dilemma буюу хоригдлын ацан шалааны жишээнээс харж болно.

Товчхондоо, бид хамтарч, нэг зорилгын төлөө байж чадсан үед нийтийн эрх ашгаа нэмэгдүүлж чадах ба амь амиа бодсон үед хэн хэндээ алдагдалтай, ашиггүй ацан шалаанд ордог гэсэн үг. Харин миний ашиг (алдагдал) бол бусдын алдагдал (ашиг) гэсэн сэтгэлгээ биднийг ацан шалаа руу, мухардал руу түлхсээр л байх болов уу.
Миний бодлоор Монголчууд хамтдаа сайхан амьдарч, хийж бүтээхэд дараах сэтгэлгээ хамгийн ихээр саад болж байгаа мэт:

  1. Муу муудаа дээрэлхүү, муна гадсанд дээрэлхүү. Бусдад дээрэлхүүлсэн хүн болгон муу байдаггүй. Бусдыг дээрэлхэж байгаа болгон хүчтэй биш. Бусдад дээрэлхүүлж, хүчирхийлэлд автаж, хүнд нөхцөлд байгаа хүний зовлонг ойлгох sympathy (бусдын зовлон шаналалыг ойлгох чадвар. 21-р зуунд лидер хүнд байх ёстой хамгийн чухал чадваруудын нэг хэмээгдэж буй)- тай байх нь хүн байхын наад захын шаардлага. Хэрэв хэн нэгэн бусдад дээрэлхүүлж, хүчирхийлүүлж буйг мэдсэн бол дуугүй өнгөрөлгүй бурууг буруушааж, зөвийн талд зогсох нь хамтрах энгийн нэгэн үйлдэл.
  2. Дааганаас унаж үхдэггүй, дарвагараас болж үхдэг. Өөрийн бодлоо илэрхийлж, асууж лавлаж байгаа нэгнээ тэвчээртэй сонсож, ойлгож суръя. Өөрийн бодлоо илэрхийлж байгаа нэг нь ч гэсэн судалгаатай, үндэслэлтэйгээр бодлоо зөв илэрхийлж суръя. Яагаад заавал дуугарсан нэг нь буруутаж, чичлүүлэх орчинг бүрдүүлнэ вэ? Учирлаж, харилцан ярилцаж, ойлголцох нь хамтрахын эхлэл биш үү?
  3. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө. Угтаа энэ үгийн утга нь үгээ цэгнэж, бодлоготой ярих. Гэтэл өнөөдөр бусдын төлөө, нийтийн төлөө дуугарсан нэгнээ буруушаах, гадуурхахад ашиглах хандлага нэмэгдэж буй мэт.
  4. Ёс ёмбогор, төр төмбөгөр. Цаг үе өөрчлөгдөхийн хирээр зарим ёс заншил, соёл бас дагаад өөрчлөгдөж, дасан зохицох шаардлагатай. Техник технологийн хөгжил бид асар олон хэвшмэл ойлголтоо өөрчлөх болсныг саяхан зохион байгуулагдсан ICT экспо харуулсан. Жишээ нь төр бүхнийг дур мэдэн шийдэхийн оронд хувийн хэвшлээ сонсож, хамтрахын чухалыг панел хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон.
  5. Монгол хүн буруу ярьж зөв ойлгодог. Буруу ярьсныг яаж зөв ойлгоод байна вэ? Бурууг нуун дарагдуулаад, өөхшүүлээд байна уу? Ойлгож чадаагүйгээ нуугаад байна уу? Компьютер дээр буруу код бичвэл ямар үр дүн гарах вэ? Буруу өгөгдөл оруулсан бол эксэлийн програм хүртэл алдаа заадаг биз дээ? Нэг ойлголтгүй бол яаж хамтрах вэ?

Ердөө 200 ширхэг байгаа. Хэрэв та TomYo T-Shirt захиалахыг хүсвэл энд дарна уу.

Эцэст нь, хоригдлын ацан шалаанаасаа салж, хамтдаа хүсэн мөрөөдөж, сэтгэн бодож, түүнийгээ боловсруулан, бүтээж чадсан хэдэн жишээнүүнээс дурдвал:

• Байгалийн баялаггүй, хүн ам ихтэй, нутаг дэвсгэр багатай, байгалийн гамшиг үргэлж тохиолддог Япон улсыг 100 хүрэхгүй жилийн дотор дэлхийн тэргүүний орон болгож хөгжүүлж чадсан.

• Дэлхийн хамгийн их ядуу бөгөөд боловсролгүй хүн амтай байсан Дундад улс 20 гаруй жилийн дотор дэлхийн хүн төрөлхтнийг гайхуулсан хурдаар хөгжсөн, хүчирхэг орон болж төлөвшиж байна. Хүн ам их гэдэг бол хөгжлийн маш хүнд дарамт хэдий ч Дундад улс үүнийг даван туулж чадаж байна.

• Элсэн цөл, тэмээний мах сүүнээс өөр юу ч үгүй, хүн ам цөөн Арабын Эмират Улсын Дубай 10 хүрэхгүй жилийн дотор дэлхийн хөгжлийн гайхамшиг болж хүн төрөлхтөний туулж өнгөрүүлсэн хэдэн зуун, мянган жилийн хөгжлийг 20 хүрэхгүй жилд бүтээж чадсан.

• Мөнхөд оршин тогтоно гэж төсөөлж байсан ЗСБНХУ түүхийн тавцангаас арчигдсаны дараа нийгэм, эдийн засаг, улс төрийн гүн хямралд орсон ОХУ өнөөдөр хүйтэн дайны үетэй дүйцэхүйц хэмжээнд байр сууриа сэргээж байна.

• Модны бизнес, Нокиа гар утаснаас өөр орлогогүй, тавхан сая хүн амтай, асар хүйтэн уур амьсгалтай Финланд улс сүүлийн 10 гаруй жил хүрэхгүй хугацаанд дэлхийн мэдлэгийн хүчирхэг орон болж төлөвшиж байна.

• Хөлсний цэрэг борлуулах замаар амьжиргаагаа залгуулдаг, байгалийн баялаггүй, хөрш зэргэлдээ хүчирхэг улс гүрнүүдийн дарамтанд байсан Швейцарийн Холбооны Улс өнөөдөр дэлхийн санхүүгийн болон олон улсын улстөрийн, энх тайвны, дэлхийн шинжлэх ухаан ба инженерчлэлийн төв болж төлөвшиж, баян чинээлэг амьдралыг зохиож чадсан.

• Феодлын нийгэм хөгжиж, нийгмийн давхарга үүсээгүй, аж үйлдвэрийн хувьсгал явагдаагүй байсан малчин соёлтой Норвеги улс “Тэгш боломж”-ийг үндэсний үнэт зүйл болгож, хүн ам цөөхөнтэй сул талаа ухаарч, “нийт нь нэгний төлөө”, “нэг нь нийтийн төлөө” ухамсрыг улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарын амьдралын амин сүнс болгон хэрэгжүүлж, тэгш боломжийг олгодог нийгэм нь хамгийн хүчтэй нийгэм байдгийг хүн төрөлхтөнд үлгэр жишээ болгож чадсан. Норвеги улс байгалийн баялгаас олсон орлогоо үндэсний баялгийн сан болгон зохион байгуулж, тус санг нь дэлхийн улс орнуудын нийтийн өмчит компаниудын хувьцааг саналын эрхтэйгээр худалдан авч засаглалд нь оролцохоос гадна дотоодын аж үйлдвэрийг дэлхийн түвшинд хөгжүүлэх сан болгон зохион байгуулж дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болж хөгжиж байна.


Б. Мөнхбат

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Энэхүү контент хамгаалагдсан!