Өнөөдөр:2022-01-19

Анхны ажил болон эхний өдөр ямар байдаг вэ?

Их сургуулиа төгсөөд анхны бүтэн цагийн ажилдаа орох үед догдлол болон айдас давхцаж байдаг. Бид хэзээ ч өөрийгөө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, үнэлж чаддаггүй учир байнга л өөрийгөө голж, юунд ч бэлэн биш гэж боддог. Харин өөрийн гэсэн карьерээ бий болгоод амжилттай яваа залуус яг л танд тулгарч буй асуудлыг туулаад гарсан байдаг ба та ганцаараа энэ бүх асуудлуудтай тулгарч байгаа нь биш шүү. Тиймээс өөртөө итгэлтэй, зоригтой байгаарай.

Амжилттай яваа, карьерээ өөрөө бүтээсэн хуульч, эдийн засагч, маркетинг, бизнесийн чиглэлээр ажилладаг залуус өөрийн карьерийн эхэн үед өөрт тулгарч байсан асуудлуудаас цухас дурдсаныг энэ удаагийн нийтлэлээр дамжуулан та бүхэнтэй хуваалцаж байна.

Хэрэв та номын захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Хамгийн их давтагдаж дурдагдсан бэрхшээлүүдээс эхэлж хүргэвэл:

  • Олон шинэ хүмүүс дунд гэнэт ороод тухайн орчиндоо дасах гэж удсан, хүмүүсийн өөр өөр арга барил, зан аашт тохируулах нь хааяа хэцүү санагддаг байсан.
  • Тухайн байгууллагын соёлд дасах хүндрэлтэй байсан. Тэр тусмаа хүнд сурталтай, хувийн үзэмжээр асуудалд ханддаг, харилцааны соёлгүй, бүдүүлэг, дээрэлхүү зантай хүмүүс нь тухайн байгууллагын соёлыг дордуулдаг. Энэ нь улмаар тэнд ажиллах ажилтнуудын бүтээмж, сэтгэл ханамжийг бууруулж, стресс үүсгэдэг.
  • Шинээр орж буй ажилтнууддаа orientation буюу албан ёсны танилцуулга мэдээлэл хийдэггүй, training буюу шинэ ажилтнуудад зориулсан сургалт хийдэггүй. Өөрөө л хөөцөлдөж араас нь гүйж байж юм сурч мэддэг. Тэр нь эргээгээд ажлаа гартаа оруулах болон тухай байгууллагын соёлыг ойлгож дасан зохицох явцыг удаашруулдаг сул талтай. Гадаад байгууллагууд бол шинэ ажилтнууддаа зориулсан orientation болон training program-тай байдаг нь их зүгээр санагддаг.
  • Оюутны ширээнээс ажил дээр гарахад ядаж нэг албан бичиг ч бичиж сураагүй байснаа ойлгосон. Ингэхээр намайг ажилд авсан хүмүүсийн хүлээлтэд хүрэхгүй, итгэлийг нь эвдэхвий гэдэг айдас байдаг. Иймэрхүү жижиг сажиг, мэдээжийн зүйлс мэдэхгүйгээ мэдэх нь өөртөө итгэх итгэлийг бууруулдаг. Хийж үзэж байж л сурдаг болхоор санаа зоволтгүй дороо сурчихна. Харин хэлээд байхад л нэг алдаагаа давтаад байвал танд асуудал байна гэсэн үг шүү.
  • Цалин бага хирнээ ажлын ачаалал маш их. Гэхдээ туршлагажаад ирэхээр цалин ч нэмэгдэнэ, илүү их боломжууд ч гарч ирэх учир цалин бага гэдгээс болоод хойш сууж болохгүй. Эхлэл хэзээ ч амархан байдаггүй.

Хэрэв та доорх багцыг захиалахыг хүсвэл энд дараарай.

Бусад:

  • Танихгүй хүмүүсрүү залгах, очиж уулзах, шинэ харилцаа үүсгэхэд эхэндээ нүүр хагараагүй учир маш төвөгтэй байсан. Намайг тоохгүй байх вий, үл хүндэтгэхвий гэх айдастай.
  • Өөрийгөө дутуу үнэлэх. Өөрөөр хэлбэл бусдыг хэт өндөр үнэлснээс болоод өөрийнхөө чадварыг дардаг. Тиймээс өөрийнхөөрөө тууштай ажиллахад л болно.
  • Оюутан байхдаа жинс, малгайтай цамцнаас өөр хувцас өмсдөггүй байж байгаад гэнэт л нэг өдөр өдөр бүр албаны хувцас өмсөх ёстой албан тушаал, ажлын байранд очсон. Тэр үед хувцасны шүүгээгээ олон төрлийн албаны хувцсаар дүүргэхэд цаг, мөнгө шаардагдсан шүү. Тэгэхээр бага багаар өөрийнхөө хувцаслалтдаа анхаарч эхлэх нь зөв.
  • Гадаад хэлээр хичээл үзэж төгссөн хүмүүсийн хувьд монгол хэлээр бичих, хүмүүстэй харилцахад бэрхшээлүүд тулгардаг байсан.
  • Өөртөө зарцуулах цаг багассан.

Дээрх бэрхшээлүүд бид бүгдэд л тулгардаг, тулгарсан, тулгарах ч болно. Иймээс та ганцаараа биш, бид бүгд хамтдаа өдөр бүр шинээр суралцаж байдаг. Гэхдээ анхны ажлын эхний өдөр, эхний сарыг амжилттай даван гарахад дараах “tips” хэрэг болж магадгүй.

  1. Ичиж, нэрэлхэлгүй өөрийгөө танилцуул бас бусадтай танилцаж тэдний нэрийг зөв цээжилж аваарай,
  2. шаардлагатай, мэдвэл зохих зүйлсээ удирдлагаасаа тэр дор нь асуух нь зүгээр ба уг асуултуудаа ажилд ирэхээсээ өмнө урьдчилаад бэлдсэн байвал илүү зүгээр,
  3. найзтай болох хэрэгтэй бөгөөд ажил үүргийн хувьд ойр ажиллах хүнээсээ хамт кофе уух, өдрийн хоол идэх үү гэж асууж болно шүү дээ,
  4. ширээнийхээ ард чимээгүй суулгүйгээр оффис дундуураа явж үз, хаана юу (жишээ нь, амрах өрөө, хоол идэх өрөө, хурлын өрөө, принтерийн өрөө гэх мэт) байгаа талаар төсөөлөлтэй болоорой,
  5. мэдээж тухай байгууллагын хүн бүр таны найз биш учир хувийн орон зайгаа мөн хамгаалах хэрэгтэй.

Анхны ажил, эхний өдөр тань хэрхэн өнгөрсөн талаар өөрийнхөө хөгжилтэй эсхүл сургамжтай дурсамжаасаа та бүхэн бидэнтэй бас хуваалцаарай.

Share

Attorney at Law, LL.M from Indiana University

error: Энэхүү контент хамгаалагдсан!