Хэрхэн онлайнаар үр дүнтэй гадаад хэл сурах вэ?

Хөл хорио тогтоосон байгаа энэ цаг үед гадаад хэл сурч, өөрийгөө хөгжүүлэх гэтэл яаж цаашаагаа явахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл та бүхэндээ зайнаас онлайнаар гадаад хэл сурахад туслах зөвлөгөөг хүргэж байна.

Зорилгоо тодорхойлох

Юун түрүүнд та өөрийн хэлний түвшингээсээ хамаараад жижигхэн зорилго тавьж эхлээрэй. Жишээлбэл дөнгөж сурч эхэлж байгаа бол цагаан толгойн бүх үсгийн унших, арай ахисан түвшинд байгаа бол төрөлх хэлтэнтэй 5 минутын турш яриа өрнүүлэх гэдэг ч юм уу. Тавьсан зорилгодоо хүрсэн бол эргэн нэг харж урам аваад илүү хэцүү, шинэ зорилгоо тавиарай.

🌎 Үсрэнгүй хөгжихийг хүсэж байна уу? Тэгвэл яг одоо энд дар.

Та ямар сонирхолтой вэ?

Хэдий зорилго тавьж, чадах чинээгээрээ хичээж байгаа ч хэлийг бие даан сурахын хамгийн хэцүү нь урам зориг, хүсэл тэмүүллээ алдахгүй байх. Хүн бүрд “уналтын үе” байдаг гэж хэлж болно. Шантрах гээд, хэлээ бэлдээд суух гэхээр л залхуу чинь хүрээд эхэлсэн бол өөрийн сонирхдог сэдвийг ашигла. 

Онлайн багш олох

Онлайнаар хэл сурах эхэндээ тийм ч амар байхгүй нь мэдээж. Гэвч энэхүү үйл явцыг удирдан чиглүүлж чадах чадварлаг багшаа олж чадвал эхлэлээ сайн тавьчихлаа гэж бодож болно шүү.

Юуны өмнө та тухайн багш болон сурах гэж буй хэлнийхээ хоорондын “харилцаа”-г олох хэрэгтэй. Таны сурах гэж буй хэл багшийн тань төрөлх хэл үү? Үгүй бол багш тань хэр хэмжээний мэдлэг туршлагатай вэ?

Эдгээр зүйлсийн талаар ойлголттой болсны дараа тэдний сургалтын арга барил, үнэлгээ болон өөрт тань чухал гэж бодсон зүйлсийг судлаарай. Тухайн багш дээр өмнө нь суралцаж байсан оюутан сурагчдын сэтгэгдлийг шалгахаа мартуузай.

Захиагаар харьцдаг найзтай болох

Тухайн хэлийг ашиглаж болох бүхий л боломжийг хай. Хамгийн наад захын жишээ бол захидлаар харилцдаг найзтай болох. Захидлаар харилцана гэхээр заавал цаасан дээр гараараа захиа бичээд л шуудангаар илгээх шаардлагагүй. Техник технологи хөгжсөн өнөө үед вэбсайт, утасны аппликэйшн зэргээр дамжуулж тухайн сурах гэж буй хэлээр чөлөөтэй ярьдаг, ахисан түвшний мэдлэгтэй найзтай болох боломж их бий. 

Ярьж бичихдээ алдаа гаргачих вий гэж айж байвал захианы найзтайгаа харилцсанаар тухайн хэлний соёлын талаар мэдэрч, нийтлэг хэлдэг үгс, нутгийн аялга зэргийг маш хурдан сурах боломжтой гэдгээ санаарай. Алдаж байж л сурна шүү дээ.  

Та бүхэнд сонирхуулан хэлэхэд Индонези гаралтай реппэр Rich Chigga англи хэлийг онлайнаар бие дааж сурсан нэгэн. Тэрээр ABC News нэвтрүүлэгт өгсөн нэгэн ярилцлагадаа:

“Би боломж л гарвал англи хэлнийхээ дуудлагыг сайжруулахын тулд өөрөө өөртэйгөө ярьдаг байсан. Ер нь л өдрийн ихэнх цагт гэртээ байдаг байсан тул интернэт ухаж л өдрийг өнгөрөөдөг байлаа. Нэг л мэдэхэд миний интернэтээр найзалсан найзууд бодит амьдрал дээрх найзуудаас минь олон болсон байсан” гэжээ.

Тэрээр мөн Твиттерээр их олон америк найзтай болсон гэнэ. Хамгийн хачирхалтай нь Brian өмнө нь Индонезид байхдаа өдөр бүр Skype-аар ярьдаг байсан америк найзтайгаа 2017 онд санамсаргүйгээр тааралдсан юм гэдэг.

Найдвартай эх сурвалж ашиглах

Найдвартай эх сурвалжаа олох нь мөн л чухал. Үгийн дуудлага, өргөлт, харилцан яриа өрнөх хэв маяг зэргийг судалж, сонсож байж л сурна. Та радио, подкаст сонсож, Youtube дээр бичлэг үзэж, сонин уншиж дадлага хийх боломжтой. Нэн ялангуяа сонин уншсанаар тухайн улсад өрнөж буй үйл явдал, цаг үеийн байдал зэргийг судлаад ч зогсохгүй албан бичгийн чадвар тань сайжрах юм.

Уртасгасан цагаар хичээллэх

Боломж л гарвал бэлдээд байх хэрэгтэй. Та ажил, сургуульдаа явах замдаа утсаараа тоглоом тоглож, дуу сонсож явдаг бол одооноос эхлээд хэл сурахад зориулсан аппликэйшнүүдийг ашиглаж хэвшээрэй. Мэдээж машин барьж яваагүй бол шүү дээ. Подкаст сонсож, Youtube-ээр бичлэг үзэж, өглөөний цайгаа бэлдэж, оройн хоолоо хийж байхдаа тухайн хэл дээрх дууг ч сонсож болно.

Ур чадваруудаа тэнцүү хөгжүүлэх 

Хэл нь ярих, сонсох, унших, бичих гэсэн дөрвөн үндсэн ур чадваас бүрддэг. Ихэнх хүмүүс аль нэг ур чадвар дээрээ анхаарч нөгөө чадваруудаа хөгжүүлэлгүйгээр орхигдуулах тохиолдол их байдаг. Жишээлбэл хүмүүс онлайнаар хэл сурахдаа ярих, сонсох ур чадвараа хөгжүүлэх тал дээр хамаг анхаарлаа төвлөрүүлсээр байгаад унших болон бичих ур чадвараа орхигдуулдаг талтай. Гэхдээ эсрэгээрээ хүмүүс ч бас байдаг. Ер нь хүн бүр өөр байдаг гэж хэлж болно. 

Энэ нь таны зорилгоос хамаарах нь мэдээж л дээ. Жишээлбэл та Япон хэлийг харилцааны /ярианы/ түвшинд л сурах шаардлагатай бол ярианы ур чадвар дээрээ анхаарах нь ойлгомжтой. Гэхдээ тухайн хэл дээр чөлөөтэй ярихыг хүсвэл дөрвөн чадвараа тэнцүү хөгжүүлэх нь зөв. 

Давт давт бас дахин давт

Их давт. Ойр ойрхон давт. Олж авсан мэдлэгээ дахин дахин давтаж тархиндаа суулгах нь энэ бүх сурах үйл явцын тал хувийг эзэлдэг гэж хэлж болно. Баярын өдөр ч тэр, бүтэн өдөржин завгүй яваад орой нь шургаж унах гэж гэртээ ирсэн үедээ ч тэр бэлдэж байх нь чухал. “Practice makes perfect” гэдэг шүү дээ. 

 Эх сурвалж: career addict

error: Энэхүү контент хамгаалагдсан!