Ёс суртахууны боловсрол чухал уу?

Хүн төрөлхтөний түүхийн бүхий л цаг үед улс орнууд, эрдэмтэн мэргэд ёс суртахууны боловсролын асуудалд онцгой анхаарсаар иржээ. Өнөө үед ч дэлхийн улс орнууд шинэ мянганы иргэдийн ёс суртахууны боловсролын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна.

Монголчуудын хувьд нүүдлийн соёл иргэншилдээ зохицсон, өргөн агуулга, өвөрмөц арга, хэлбэр бүхий, өөрийн гэсэн онцлогтой ёс суртахууны мэдлэгийг олгож ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн юм.

Орчин үед ч төр засаг, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд ёс суртахууны боловсролыг өсвөр үеийнхэнд олгох талаар олон арга хэмжээ зохион байгуулж байна.

Тухайлбал: Эрдэмтэн судлаачид 2014 онд “Монгол дахь ёс зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр, 2015 онд “Монгол дахь ёс суртахууны боловсролын тулгамдсан асуудал” сэдвээр, 2016 онд “Монгол дахь ёс суртахууны боловсролын уламжлал, шинэчлэл” сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулсан бол 2014-2015 оны хичээл жилд бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хүрээнд ёс суртахууны боловсрол олгохоор болсон.

Түүнчлэн 2019 оныг Монгол Улсын Засгийн Газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгож улмаар ерөнхий болосвролын сургуулийн I-XII ангид “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийг боловсруулан хичээл зааж эхэлсэн байна.

Гэвч хүмүүсийн дунд бусдын нэр хүндэд халдах, олон нийтийн сүлжээгээр бүдүүлэг үг хэллэг хэрэглэж хэл амаар доромжлох, зохион байгуулалттайгаар дайрч давшлах, гүжирдэн гүтгэх, худал хэлэх, онгирч сангуурах зэрэг эрүүл бус харилцаа, мөн өчүүхэн зүйлд уурлах, дэмий сэлгүүцэх, хуурч мэхлэх, цаашлаад шударга бус явдал, хүчирхийлэл, танхайрал, залилан, авилгал  гэх мэт ёс суртахуунгүй үйлдэл цөөнгүй тохиолдож буйг бид харж байна.

Энэ нь иргэн бүр ёс суртахууны энгийн мэдлэг, хэм хэмжээ, зан авирын төлөвшилд суралцах хэрэгцээ шаардлага их байна гэдгийг илтгэж буй хэрэг юм. Тиймээс Монгол улсынхаа ирээдүйн эзэд болсон өсвөр насны хүүхэд залуус маань өөрийн хүссэн мэргэжлээ сонгон амжилттай суралцахын зэрэгцээ сайн муу, сайхан муухай, зөв бурууг ялгах, өөрийгөө болон өрөөл бусдыг хүндэтгэх, сэтгэлийн хаттай болох, хүн чанартай байх, ачыг ачаар хариулах, бусдад туслах, дэг журам сахих, эелдэг найрсаг байх, даруу төлөв байх, хүлээцтэй байх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зэрэг ёс суртахууны хэм хэмжээнд суралцаж, зөв хүн болж төлөвших нь сайн мэргэжилтэн болохын урьдчилсан нөхцөл гэдгийг сайтар ойлгон ёс суртахууны боловсролд хичээнгүйлэн суралцах хэрэгтэй.

Ёс суртахууны боловсролын гол зорилго нь ёс суртахууны хувьд боловсорсон хүнийг төлөвшүүлэх явдал хэмээн үздэг. Ёс суртахууны хэм хэмжээ, зарчмуудыг ойлгон ухаарч, хувийн болон нийгмийн амьдралдаа ёс суртахууны  хувьд хариуцлагатай ханддаг хүнийг ёс зүйтэй хүн хэмээн үзэж болно.

Энэ талаар эртний гүн ухаантнуудаас эхлээд олон мэргэд тайлбар бүтээл туурвиж ирсэн. Тухайлбал дорно дахины гүн ухаанд төдийгүй дэлхий дахинаа хүчтэй нөлөө үзүүлж буй буддын сургаальд зовлонгийн үнэний тухай номлоод хүн зовлонгоос ангижрах арга зам нь зөв үзэл, зөв бодол, зөв үг, зөв үйл, зөв амьдрал, зөв тэмүүлэл, зөв сэтгэл, зөв бясалгал гэж үздэг. Эдгээр нь бүхэлдээ хүний биеэ зөв авч явах ёс суртахууны үндсэн зарчмууд юм.

Эцэст нь хүн бүр сайн мэргэжилтэн байхын зэрэгцээ, ёс суртахуунлаг,  зөв төлөвшсөн байх нь сайн сайхан амьдрах гол түлхүүр мөн.

Хүний хөгжлийн гол түлхүүр нь хүмүүжил, боловсрол

Нийгмийн хөгжлийн гол түлхүүр нь хүмүүжил, боловсролтой иргэн хүн юм.  

Та бүхэнд амжилт хүсье.

error: Энэхүү контент хамгаалагдсан!