Бусдыг татах чадвар буюу харизм гэж юу вэ?

Нийтлэл бичсэн: Ж.Чимгээ /Доктор Ph.D, профессор/

Даяаршлалын шинэ эрин зуунд “бренд барааны үнэ цэнэ” нь “оюун санааны үнэ цэнэ”- ийн дээгүүр давж “амьдралын үнэ цэнэ” гэсэн хүндтэй  орон зайд хүч түрэн орж ирж байгаа нь залуучууд оюуны голлох чадамж болох сэтгэлийн боловсролоо /EQ/ дээшлүүлэх, хэн бүхний хамгийн сайн танил  “би брэнд” – ээ  илүү таньж мэдэх асуудлыг чухалчлах болсон.      Орчин үеийн залуучууд дотоод сэтгэлийнхээ эрхэмсэг ертөнцөөр аялж, “Харизм”-аа  сэргээж хөгжүүлснээр    итгэл нь айдсаас хүчтэй болох, шантрал гэдэг зурвасыг ч даван гарах” өөдрөг үзэл,  хүчирхэг алсын харааг мэдэрч өөрийгөө шинээр бүтээх алтан боломжийг  эрэлхийлсээр…

Та өөрийнхөө “Харизм”-ыг хөгжүүлэхийн тулд хандлага буюу харах өнцгөө л өөрчилж, зөв зуршил хэвшүүлэх багахан зориг, чин хүсэл л байхад хангалттай. Ингэснээр, амьдралд саад бэрхшээл тулгарсан ч “сорилт” гэсэн өнцгөөр давж харан, бүтэлгүйтэл дундаас ч цойлон өндийх “сэтгэлийн тэнхээ”,  хүсэл зоригийнхоо төлөө тууштай зүтгэх итгэл үнэмшил ямар чухал болохыг ч мэдрэх боломжтой.  “Харизм”-ыг зөвхөн онцгой, гоц авъяастай цөөн тооны хүмүүст л заяагдсан гэсэн ойлголт ард хоцорч, хэнийг ч ялгалгүй хүн бүхэнд үе  дамжин заяагдсан  онцгой “Өгөгдөл” буюу “Цаглашгүй хүч” гэдэгтэй санал нийлнэ гэдэгт  итгэж байна.

 “Харизм”-ын хүч нь мэдээж хувь хүний хандлагаас маш их шалтгаална. Үнэнийг хэлэхэд, эерэг хандлагатай хүн аливаа бэрхшээлийг даван туулах шийдлийг эрэлхийлдэг бол, сөрөг хандлага нь асуудлыг боломжгүй, бvтэхгvй талаас нь харж, үгүйсгэх байдал гаргах нь  бидний өдөр тутмын амьдралд ажиглагдсаар л байгаа.

Судалгаанаас харахад, глобалчлалын үеийн автоматжуулалт, дижитал технологи голлосон, ажлын байрны жагсаалтад тэргүүлэх 20 ур чадварын тоонд хүний мөн чанар, төлөвшилт, зөв хүн байх зарчим чухлаар үнэлэгдэж байгаа тул хөдөлмөрийн зах зээлийн энэхүү эрэлтээс шалтгаалж, их дээд сургуулийн сургалтын бодлого ч шинэчлэгдэж  “Бүгдийг бус чухлыг заах”  зарчмаар “Мэдлэг-Чадвар-Хандлага” гэсэн логик зарчмыг ижил түвшинд хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Тухайлбал,  Орчин үед “багш төв”-төй сургалтаас  “Оюутан төв”-төй сургалтын технологи буюу нэг талаас, багш хүн зөвхөн мэдлэг дамжуулагч биш, оюутнаа ойлгох, чиглүүлэх, зөвлөх, зөв хүн болгож төлөвшүүлэхэд  үлгэрлэгч, зөвлөгч нь байх, нөгөө талаас суралцагч оюун ухаандаа суулгасан мэдлэгээ зэврээхгүйгээр, амьдралын хөрсөнд буулгаж хөрөнгө оруулалт болгох чадавхи эзэмшүүлэхэд асуудлын гол орших нь…  

Өөрөөр хэлбэл, залуучуудад сэтгэлийн боловсролын салшгүй хэсэг болох “Зөөлөн ур чадвар” /soft skills/-г төлөвшүүлснээр хүнлэг энэрэнгүй байдал, сэтгэлээ удирдах-үг даах чадвар, жудаг,  туйлбартай байдал,  асуудлыг даван туулах гэх мэт оюун санааны үнэт зүйлс нь дээд боловсрол эзэмшиж, мэргэжлийн дипломтой болох асуудалтай эн зэрэгцэх нэн чухал ур чадварт тооцогдох болжээ.

Ямарч хүн, “Харизм”- аа хөгжүүлж, цаг хугацааг үнэлэн, түүхээ бүтээж, үнэ цэнэтэй амьдарснаар, бэрхшээлийн өмнө хямарч төөрөх бус, барианы шугам руу цөхрөлтгүй зүтгэж, үйл хэргээ үргэлжлүүлэх, бусдыг зөв хандлага, зорилгод уриалан дуудаж урам зориг, эрч хүчтэй, ямар ч үед дотроосоо гэрэлтэх үнэ цэнэтэй чадваруудыг өөртөө суулгах чадахвийг эзэмших боломжтой.

Залуу хүн та, алсын хараатай “Харизм”-аа чимх, чимхээр өөртөө суулгаснаар, сэтгэлийн тэнхээтэй болж,  амьдралын их далайд шатрын хөлөг дээрхи тулааны адил дараагийн нүүдлийг давж харах,  хожих хүртэлх нүүдлээ давхар харах чадвар, хожигдсон ч ахиад эхнээс нь өрөх зориг, хожсон ч ахиад тоглох цаглашгүй хүсэл  буюу амьдралын хаа төлөө, хязгааргүй мөрөөдлийнхөө төлөө туйлбартай тэмцэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн алхах болно.

Бид, энэ ертөнцөд юуны төлөө, юуг  бүтээхээр ирсэн гэдгээ ухаарч, амьдралын асуудал болон карьераа эрэмбэлж, чиг баримжаагаа алдалгүй урагшлах, усан дундаас гал гаргахтай адил ямар ч бэрхшээл, саадыг даван туулах, хүч тэнхээ, замын зураглалтай  болох нь амьдралдаа амжуулах чухлаас чухал ажил, юутай ч зүйрлэшгүй хөрөнгө оруулалт байх болно.

 Иймд, та бүхэн амжилт, мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэхэд “Харизм”  хүчирхэг зэвсэг болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. “Олон хүн эхлүүлж чаддаг ч зөвхөн сахилга баттай, тэвчээртэй, тууштай хүн дуусгаж чаддаг” гэдэг үгийг танд зориулая.

Та бүхэнд амжилт хүсье!

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!