ОХУ-д хямд өртгөөр Дэлхийн түвшний боловсрол эзэмших нь

TomYo-ийн вэб сайтын “Блог” нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжлийн талаар өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр өөрийн блогийг байршуулахыг хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.


Сайн байна уу, Намайг О. Золгэрэл гэдэг. Би ОХУ-ын Novosibirsk State University of Architecture and Civil Engineering-д барилгын инженер (Civil engineering) мэргэжлээр суралцдаг. Миний бие TomYo дахь анхны блогоо оруулж байгаадаа таатай байна. Цаашид ОХУ-д сурч, амьдрахыг зорьсон үеийн залуустаа зориулсан хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгөхийг зорих болно. 

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Энэ удаагийн блогоороо дамжуулан ОХУ-д хямд өртгөөр Дэлхийн стандартад нийцсэн боловсролыг эзэмшихийн давуу талууд болон ОХУ-ыг сонгож суралцах нь ямар үр ашигтай, цаашлаад өөрийн ирээдүйн боловсролдоо хөрөнгө оруулах том алхмыг эхлүүлэх гүүр болохуйц хойд хөрш улсынхаа талаар ярилцъя.

Яагаад ОХУ гэж?

ОХУ-д жил бүр Дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган гадаад оюутнууд ирж суралцдаг ба одоогийн байдлаар энэхүү улсын дээд боловсрол нь Дэлхийн стандартад бүрэн нийцсэн бакалавр, магистр, докторын зэрэг болон бусад чиглэлээр олгогдож байна. Түүнчлэн Оросын тэргүүлэх их, дээд сургуулиуд оюутнууд даа чиглэсэн төрөл бүрийн судалгаа, шинжилгээ хийхэд туслах асар их нөөц, эрдэм шинжилгээний ном, сурах бичиг, материал, профессор, доктор, багш зэргээр хангана. 

TomYo аппын 14 хоногийн эрхтэй картыг CU, Internom-ийн салбараас авах боломжтой боллоо.

ОХУ-д суралцах давуу талууд

ОХУ-ын их дээд сургуулиудын боловсрол нь боломжийн үнэ, өндөр чанарын оновчтой харьцааны тод жишээ юм. Дэлхийд аль ч өнцөг буланд анагаах ухаан, мэдээллийн технологи, байгалийн ба математикийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн Оросын мэргэжилтнүүдийг үнэлдэг.

ОХУ-ын томоохон их дээд сургуулиуд боловсролын чанараараа өндөр хөгжилтэй олон орнуудын их сургуулиудтай өрсөлдөх бүрэн чадвартай. Мөн боловсрол нь суурь, судалгаа, хэрэглээний шинж чанарт тулгуурладаг. Түүнчлэн сонгодог заах арга барилаа хадгалсаар ирсэн бөгөөд энэ нь суралцах материалыг хялбаршуулах, хөнгөвчлөх зарчмаар явагддаггүй.

Оюутны хотхонуудын тохилог байршил

Ихэвчлэн Оросын томоохон их дээд сургуулиудын хотхонууд нь хотын төвд, музей, театр, кафе, рестораны эргэн тойронд байрладаг. Оюутны хотхонууд нь амралтын төв, спортын байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, парк, номын сан, театр, эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг олон төрлийн дэд бүтэцтэй.

Дэлхийн шинжлэх ухааны ололт

ОХУ-ын их дээд сургуулиудын лабораторид хэдэн зуун нээлт хийгдсэн бөгөөд шинжлэх ухааны сургуулиуд өөрсдийн боловсруулалт, судалгаагаараа алдартай. Өнөөдөр Оросын их дээд сургуулиудад хийсэн судалгаа нь буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтаар дэмжигддэг байна.

Мэргэшсэн боловсон хүчин

Оросын их, дээд сургууль, академид мэргэшиж бэлтгэгдсэн чанартай боловсон хүчингүүд багшилдаг. Жишээлбэл, Москвагийн Улсын Их Сургуульд 2500 орчим шинжлэх ухааны доктор, 1000 орчим профессор ажиллаж байна.

Засгийн газрын тэтгэлэг

Гадаадын зарим иргэд, гадаадад амьдардаг эх орон нэгтнүүд, цагаачид ОХУ-ын их дээд сургуулийн төсвөөс санхүүжих тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргах боломжтой. Үүний тулд та шалгаруулалтад (мэргэжлийн шалгалтууд, аман ярилцлага) оролцох хэрэгтэй. Нэмж дурдахад ОХУ-ын Засгийн газраас жил бүр улсынхаа дээд боловсролын байгууллагуудад гадаадын иргэдийг сурахад зориулж баталгаатай тооны төсөвт байр (улсын тэтгэлэг) хуваарилдаг (Жич: 2020 онд 15,000 газар хуваарилагдсан).

Энэхүү Засгийн газрын тэтгэлгийн тухай дэлгэрэнгүйг миний өмнөх блогоос уншиж танилцаарай. 

Тэргүүлэгч мэргэжлүүд

Орос улс нь техник технологи, машин механизм, эрүүл мэнд, эдийн засаг, бизнес, компьютер, технологи гэх мэт олон төрлийн салбарт хүчтэй өрсөлдөгч билээ. Түүнчлэн ОХУ-ыг зоригч гадаад оюутнуудын дунд судалгаа явуулахад дараах мэргэжлүүд хамгийн өндөр үзүүлэлттэй байна:

Техникийн чиглэл- 22%;

Анагаах ухаан- 17%;

Эдийн засаг ба менежмент- 16%; 

Хүмүүнлэгийн болон нийгмийн их сургуулийн хөтөлбөрүүд- 12.2%; 

Орос хэл- 11.8% мөн бусад

ОХУ-д суралцах бэлтгэл буюу хэлний бэлтгэл

ОХУ улс нь гадаад оюутнууддаа зориулсан хэлний бэлтгэл буюу орос хэлийг маш өргөн хүрээтэйгээр чанартай заадаг. Сургалт нь орос хэл дээр явагдах бөгөөд 1 жилийн хугацаатай 10-р сарын 1-ээс эхэлж 7-10 сар хүртэл өвлийн амралтгүй үргэлжилдэг. Мөн 2-р сараас 6 сарын хугацаатай түргэвчилсэн (эрчимжсэн) их сургуулийн өмнөх сургалтууд явагддаг. 

Бэлтгэл факультетад буюу курс сургалтад оюутнууд ирээдүйн суралцах чиглэл (математик, физик, хими, биологи, компьютерын шинжлэх ухаан, газарзүй, түүх, уран зохиол) -оос хамааран орос хэл, төрөлжсөн мэргэжлээр суралцдаг бөгөөд суралцаж төгсөөд, шалгалтаа амжилттай өгсний дараа гэрчилгээ, сертификат олгогддог.

Хэрвээ та орос хэл сурах хүсэлтэй байгаа бол дараах холбоосуудаар орж ОХУ-ын их сургуулиудын курс, программуудтай танилцаарай

ОХУ-д суралцах сургуулиа хэрхэн сонгох вэ?

Хүмүүсийн сайн мэдэх тэргүүлэгч Москва, Санкт-Петербург хотуудаас гадна гадаад оюутны том бүс болсон Томск, Новосибирск, Красноярск гэх мэт олон хотуудад маш өргөн хүрээтэйгээр боловсрол, шинжлэх ухааны салбарууд хурдацтай хөгжиж байгаа билээ. 

Та дараах холбоосоор орж ОХУ- ын тэргүүлэгч сургуулиудтай танилцах боломжтой

Сургалтын виз авах урилга бүрдүүлэх тухай

Суралцахыг зорьж буй сургуулиа тодорхойлсны дараа горилогч сурахыг хүссэн өргөдөл, хүсэлт гаргаж мөн заасан бичиг баримтуудыг илгээнэ. Таны элсэх хүсэлтийг их сургууль хэлэлцэж, баталсны дараа өргөдөл гаргагчийн паспортын дэлгэрэнгүй мэдээлэл, их сургуулийн бүтэн нэрийг заасан албан ёсны урилга илгээх болно. Ерөнхийдөө урилга бэлтгэх нь 30-аас 45 хоног үргэлжилдэг. Энэхүү урилга нь олгосон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд энэ хугацаанд өргөдөл гаргагч нь оюутны виз авахаар ОХУ-ын элчин сайдын яаманд хандах ёстой.

Сургалтын виз хэрхэн бүрдүүлэх вэ? 

Оюутан урилгыг хүлээн авмагц нэвтрэх виз мэдүүлэх ёстой. Виз авах үйл явц 2-3 долоо хоног үргэлжилж болох бөгөөд оюутан ОХУ-д нэвтрэх визны хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө орох ёстой. Тус улсад элссэний дараа их сургууль нь гадаадын өргөдөл гаргагчид бүртгүүлэх, олон удаагийн оюутны виз мэдүүлэхэд нь тусалдаг. Энэхүү виз олгох хугацаа хуанлийн 25 хоног бөгөөд энэ хугацаанд нэвтрэх виз хүчинтэй байх ёстой. Үүнтэй холбогдуулан олон удаагийн оюутны виз мэдүүлэх өргөдөл, баримт бичгийг олон улсын хэлтэст урьдчилан анхан шатны виз дуусахаас ойролцоогоор 28-30 хоногийн өмнө ирүүлдэг.

Орох виз мэдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  • Паспорт (дор хаяж нэг жил хагасын хугацаанд хүчинтэй);
  • Бүрэн бөглөсөн анкет;
  • Их сургуулийн урилгын бичиг;
  • ХДХВ-ийн халдваргүй гэсэн гэрчилгээ (гэрчилгээ нь 3 сарын хугацаанд хүчинтэй);
  • Боловсролын баримт бичиг (аттестат, диплом гэх мэт);
  • Сургалтын төлбөрийг баталгаажуулсан бичиг.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас хүлээн авна уу

https://visasam.ru/russia/vezd/uchebnaya-visa-v-rossiyu.html

Мөн дараах youtube хуудаснуудаар дамжуулан хэрхэн ОХУ-д суралцах, амьдрах зэрэг зөвлөгөөнүүдийг авах боломжтой

Анхаарал тавьсан явдалд баярлалаа. 

Та асуулт, санал хүсэлтээ мөн ямар сэдвээр мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсэж буйгаа миний энэхүү  https://www.facebook.com/holler.ggi.9 хуудсаар холбогдож хуваалцаарай. Цаашдын эрдэм мэдлэгийн өргөн их гараанд тань амжилт хүсье!

Үндсэн эх сурвалжууд

https://www.unipage.net/ru/education_russia

https://visasam.ru/russia/rabotavrf/inostrannye-studenty-v-rossii.html

error: Энэхүү контент хамгаалагдсан!